ШИЙДВЭР: Вакцины хоёр тунгаа тариулсан иргэдэд 50.000 төгрөгийн урамшуулал олгоно
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Сангийн сайд Б.Жавхлан вакцинжуулалтыг эрчимжүүлэхээр Засгийн газраас хоёр төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэх болсныг зарлалаа.
Сангийн сайд Б.Жавхлан “Вакцин сайн дурынх боловч КОВИД-19 цар тахал нь дэлхий нийтийг маш том сорилтын өмнө аваачсан. Иймд вакцинаа хийлгэх нь иргэний хариуцлагын асуудал болоод байна. Вакцинд хамрагдаагүй хүмүүсийн өмнөөс нийгэм даяараа эрсдэлд орж болохгүй.
Вакцинаа хийлгээгүй иргэдэд албадлагын арга хэмжээг авна. Улаанбаатарт хүнсний талон авдаг 47 мянган иргэн байгаагаас 29 мянга нь вакцины эхний тунгаа ч хийлгээгүй байна. Мөн төрөл бүрийн халамж авдаг 211 мянган иргэн байгаагаас 80 гаруй мянга нь вакциндаа хамрагдаагүй байна.
Иймээс өнөөдрөс эхлэн дараагийн саруудад олгогдох хүнсний талон, халамжийг олгохдоо вакцинд хамрагдсан эсэхийг нь харгалзан үзнэ. Харин хоёр тун вакциндаа хамрагдсан иргэдэд урамшуулалд олгоно. Өмнө нь эдгээр иргэнд 50 мянган төгрөг хүртэлх эрүүл мэндийн багцыг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгохоор бэлтгэж байсан бол түүнийг нь бэлэн мөнгөөр тооцож олгохоор болсон” гэлээ.