Маргааш нь МУУ ДҮН авсан зам засварын ажил
Жил бүр нийслэлийн төсөвт зам засварын ажилд хэдэн арван тэрбум төгрөг тусгадаг. Урин цаг ирэхээр зам засварын ажил гэж сүр дуулиантай ажил болж, энд тэнд нүх ухаж, зам хаадаг нь энгийн үзэгдэл. Энэ жилийн хувьд хөл хорионы үеийг ашиглаж, энхэл донхол замаа засъя гэж Хотын дарга Д.Сумъяабазар үүрэгдсэн.
Цайны данх, шанага бариад замын нөхөөсний ажил хийж буй зам засварынхны зураг олон нийтийн сүлжээнд трэнд болж байсан нь саяхан. Нийслэлийн 10 байршилд авто замын тэмдэг, хайс арчлалт, авто замын заадас засварлах ажлуудыг эхлүүлж, зургаан дүүргийн 33 гол гудамж, замын 300 мянган ам метр замын заадас засварын ажлыг хийж эхэлсэн.
Гэтэл өчигдрийн халуун наранд өнөөх замын гагнаас нь хайлж хүний хөлд, машины дугуйд наалдаж, жинхэнэ тар нь танигдав.
Үүнээс гадна дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 08-ны өдрийг хүртэл Энтайваны гүүрийн замыг хааж, резинээр хучиж, гэрэлтүүлэг нэмсэн. Гэвч зам ашиглалтад орсон өдрөө иргэдээс МУУ ДҮН авсан юм. Хотын дарга Д.Сумъяабазарын цахим хуудастаа нийтэлсэн зураг, бодит байдал хоёр тэс өөр байв. Зурган дээрх гөлгөр зам нь амьдрал дээр өмнөх энхэл донхол дээр улаан будаг цацсанаас өөр өөрчлөлтгүй байсан нь иргэдийг бухимдуулсан юм.Уг нь Энхтайваны гүүрний хэв гажилтын заадас засварын ажлыг төлөвлөгөөгөөр наймдугаар сарын 1-нд хийх байсан ч Хотын Захирагч маань хөл хорионы хугацаанд амжуулах гэсэн нь энэ. Хэдий хөл хөдөлгөөн бага үеийг ашиглаж засварын ажлыг эхлүүлсэн нь зөв ч техникийн шаардлагад, иргэдийн хүлээлтэд нийцсэнгүй.
2021 нь онд нийслэлд 819 тэрбум 926 сая төгрөг төсөвлөсөн. Жил болгон замын ашиглалтын мөнгө авдаг татвар төлбөр, хураамж чухам юунд зарцуулж байгаа вэ Д.Сумъяабазар дарга аа. Жолооч нараас жил, сар тутамд авдаг хэдэн тэрбумын татвар, торгууль, хураамжийг өөгүй толигор замтай болоход, зам засварынхныг орчин үеийн багаж, хэрэгсэлтэй болгоход зарцуулдаггүй юм бол өөр юунд зориулдаг вэ.
Б.БАЙГАЛЬ