Нэр дэвшигчдийн УРИА ба ГАРАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулснаар сонгуулийн сурталчилгаа эхэлдэг зохицуулалттай. Хуулийн дагуу өчигдөр /2021.05.24/ Сонгуулийн Ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулж, нийтэд ил тод зарласнаар сурталчилгаа албан ёсоор эхэллээ.
15 хоног үргэлжлэх сурталчилгааны тоолуур гүйж, нэр дэвшигчид гараанаас хөдлөв. Аливаа сонгуульд нэр дэвшигчийн уриа сурталчилгааны гол цөм болохоос гадна ялалт, ялагдлыг тодорхойлоход чухал нөлөөтэй. Тэгвэл энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид ямар уриа дэвшүүлэв гэдэгт анхаарал хандуулцгаая.
АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг санагдуулам нээлт
Улстөрийн ууган хүчин МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн сонгуулийн сурталчилгааны нээлт Тусгаар тогтнолын ордноос төв талбай хүртэл эхнэр хүүхдийн хамт алхаж Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлснээр эхэлж нээлтийн хурал, урлагийн тоглолтоор үргэлжлэв.
Содон нь нэр дэвшигч У.Хүрэлсүхийн нууцлагдмал гэр бүл олон нийтийн өмнө гарсан нь өрхийн тэргүүн, сайн хань, сайхан аав гэх имиджийг анхнаасаа бүрдүүлэхийг зорьсных биз.Тэдний хувцаслалт, талбай хүртэл явганаар гар даллан алхсан зэрэг нь АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг санагдуулам өнгө аястай.
Харин уриа үгний тухайд Ерөнхий сайдаар ажиллах хугацаанд, Ерөнхий сайдын ажлаа өгснөөс хойшхи ярилцлага, сурталчилгаа эхлэхийн өмнө нэвтрүүлсэн хөрөг нэвтрүүлэгт дурдагдаж буй байгалийн баялагийг тодотгон авч “БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ” уриа дэвшүүлжээ.
Үүнийгээ бататгаж “Монгол Улсын Ерөнхийлөгч бол Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч байдаг. Би Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно.Байгалийн баялаг гэдэг бол хэн нэгний хийсэн бүтээгдэхүүн биш. Байгалийн баялаг гэдэг бол бурхны хишиг. Монголын иргэн бүр үүнээс ижил тэнцүү хүртэх ёстой” гэснээс тодорхой харагдана.
“Ялах зорилгогүй” С.Эрдэнэ “Дарангуйлалгүй Монгол” уриа дэвшүүлэв
Сурталчилгааны нээлтээ Ялалтын талбайгаас эхлүүлсэн С.Эрдэнэ “Дарангуйлалгүй Монгол” уриа дэвшүүлжээ. Дараалсан сонгуульд намаа ялагдуулсан түүнийг УИХ-д суудалтай АН-аас нэр дэвшүүлсэн нь мордохын хазгай гэж халаглах хэсэг байхад эсрэгээрээ намаа одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын “саварт орохоос” сэргийлэх нь ялахаас чухал гэлцэх. Үнэний ортой ч байж мэднэ. Олон нийтийн дунд С.Эрдэнийг “зөөлөн боорцог, өгөөш” гэх хандлага давамгайлж байгаа юм.
Тэрээр нээлтийнхээ үгэнд “Энэ бол улс төрийн намын нэгийг сонгох сонгууль биш. Гурван нэр дэвшигчийн хэн нэгнийг сонгох гэж буй сонгууль ч биш. Ирээдүй рүүгээ алхах гурван салаа замын нэгийг сонгох сонгууль гэдгийг бид туйлын хариуцлагатайгаар ойлгох ёстой. Бид эрчимтэй орчин үеийн нэгдмэл үнэт зүйлтэй, эрх чөлөөт нийгмийг байгуулахыг зорьж байна.
Монгол хүний алдагдсан эрх чөлөө, аз жаргал, чөлөөт бизнес, арилжаа худалдаа, айдасгүй хэвийн амьдралыг эргүүлэн авчрахад миний зорилго оршиж байна” гэв.
“Эгэл, энгийн” гэх тодотгол зүүхийг хичээсэн Д.Энхбат
“Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат сонгуулийн сурталчилгааны нээлтээ эгэл ардынхаа дундаас буюу Баянхошууны гэр хорооллоос эхлэв. Түүний дэвшүүлсэн “Монгол чадна” уриа нь шинэ үедээ, мэдлэг, чадвар технологт итгэж 21-р зууны үеийн шинэ Монголыг байгуулна гэх агуулгыг зангиджээ.
Сурталчилгаа эхлэхээс өмнө энгийн даруу, элдэв чимэггүй эхнэрээрээ гоёж олон нийтээс нэмэх оноо авсан тэрээр нээлтийн арга хэмжээндээ эхнэрээ дагуулахаа мартсангүй. Энэ удаа хувцаслалт гэр хорооллын орчин нөхцөлтэй яв цав тохирчээ.
Нэр дэвшигч Д.Энхбат нээлтийн үгэндээ “Монголын төрийн нэгдмэл байдлыг хадгалж, Монголын төрийн гурван салаа мөчрийн уялдааг хангаж, Монголын төрийн гадаад тулгуур бодлогуудыг залгамжлан өвлөж, Монголын ард түмнийхээ төлөө зүтгэхээр бид сэтгэл шулуудаад байна.
Хэрвээ би Ерөнхийлөгчөөр сонгогдвол бидний хамгийн эхний алхам бол нам ба нам бус, нас, хүйс үл харгалзан Монголын хамгийн чадалтай, туршлагатай хүмүүсийг оролцуулсан шинэ багийг байгуулан ажиллах болно. Энэ бол нэг намын бус Монголын баг байх болно.Бид Монголын малчид чадна. Монголын залуус чадна. Монголын инженерүүд чадна. Монголчууд бид чадна гэсэн уриаг дэвшүүлсэн” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг өрсөлдөөнтэй харагдуулж буй гурван нэр дэвшигчийн уриа ба гарааг цухас тэмдэглэлээ. Тэдэнд амжилт хүсье.
ivoice.mn