Г.Түвшинбаяр: Миний суурь хүмүүжилд КИНО хамгийн их нөлөөлсөн
Фейсбүүк хэрэглэгчдийн дунд Dylan’s Cinemates хуудсаараа танигдсан Дилан буюу Г.Түвшинбаярыг энэ удаагийн “ivoice зочин” буландаа урьлаа. Бид Монголын кино урлаг болон түүнийг тойрсон асуудал, сул ба давуу тал, үзэл бодлынх нь талаар ярилцсан юм.
-Та сошиал орчинд Dylan’s Cinemates хуудсаараа илүүтэй танигдсан. Харин уншигчид маань хувь хүний тань талаар сайн мэдэхгүй байх. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Ганзоригийн Түвшинбаяр гэдэг. Дархан аймагт төрж өссөн. Тэндээ бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Арван жилдээ их биерхүү, бүдүүн хүүхэд байсан болохоор хүүхдүүдэд дээрэлхүүлдэггүй, дээрэлхүүлсэн ч буцаагаад шоглочихдог байлаа. Чимээгүй, нам гүм газар томоотой, тухтай орчиндоо дуу ихтэй сэргэлэн. Интровэрт гэх нь ч хаашаа юм. Гэхдээ ихэнхдээ их даруухан.
-Анх хуудсаа ямар зорилгоор нээж, ямар чиг баримжаагаар хөтөлж эхэлсэн бэ?
-Кино их үздэг, киногоор дамжуулж өсвөр насандаа суурь төлөвшлөө олж авсан хүүхэд болохоор анх зүгээр л киноны инээдтэй, хөгжилтэй хэсгүүдийг тасдаж оруулдаг байсан. Тийм бичлэгүүд нь хүмүүст их хүрээд дагагч нар нь ч өсөөд байсан учраас бичиж эхлэхээр шийдсэн. Тэр үед бас сэтгүүлч мэргэжлээр сурдаг байсан болохоор бичих их сонирхолтой байсан л даа.
Зүгээр л киноноос сэтгэлд их хүрсэн, таалагдсан зүйлсээ бичээд, тэрийг нь ч хүмүүс уншаад байхаар урамшаад л. Энэ хуудсаа 6 дахь жилдээ хөтлөөд явж байна. Анх Best Scenes From Movies гэдэг нэртэй байсан яваандаа энэ хүрээлэлдээ хамтарч ажилладаг, найзалж нөхөрлөдөг хүмүүстэй болсон учраас mates буюу Диланы Кино Найзууд гэсэн санаагаар хуудсынхаа нэрийг сольсон.
-Заримдаа хувийн амьдралынхаа тухай хуваалцсан харагддаг. Ингэж нийтэд хувийн амьдрал, хайр сэтгэлийнхээ тухай бичих нь эерэг, сөрөг ямар нөлөөтэй вэ?
-Анх дөнгөж нийтлэлүүдээ бичиж эхлэхдээ төөрсөн, төлөвшлөө бат бөх олж авч амжаагүй, жаахан байсан болохоор сэтгэлийн хөдөлгөөнөөрөө их хувийн асуудлуудаа бичдэг байсан. Магадгүй ингэж бичээд хуваалцаад байвал надад их ханьтай юм байна, сэтгэл зүйг минь дэмжиж өгөх юм байна гэж боддог байсан. Гэхдээ 4-5 жилийн дараа эргээд харахаар жаахан буруу юм шиг санагддаг. Ирээдүйдээ сөрөг нөлөөтэй ч юм шиг. Тиймээс аль болох хувийн амьдрал, хайр сэтгэлийн харилцаагаа хуудас дээрээ хуваалцаад байх хэрэггүй гэж л боддог болсон.
Яг хувь хүн, төлөвшилд минь нөлөөлсөн зүйл олон. Бодоод байхад би кино урлагаас хүмүүжил, төлөвшлөө олж авсан санагддаг. Олон хүнтэй найзалж нөхөрлөсөн, хүмүүсийн үзэл бодол, харах өнцөгийг таньж чаддаг болсон гэх зэргээр. Бас бусдад өөрийгөө илэрхийлж, байр сууриа хадгалж сурсан.
-Сэтгүүлчээр сурч байсан гэлээ. Яагаад мэргэжлээрээ ажилладаггүй юм бэ?
-Хүмүүнлэгийн Их Сургуулийг сэтгүүлчээр төгссөн. Багаасаа технологи, компьютерт их сонирхолтой байсан. Сонгосон мэргэжил маань хүсэл сонирхолтой нийцээгүй. Хүсч мөрөөдөж, хийнэ дээ гэж төлөвлөж байсан бүхнээс минь зөрөөд байдаг. Тэгэхээр цаашдаа ч бас энэ мэргэжлээрээ ажиллахгүй.
-Дагагч нараас, тэр дундаа охид эмэгтэйчүүд таныг сонирхож байх шиг харагддаг. Романтик харилцаа үүсгэж, үерхэж байсан тохиолдол бий юу? Ер нь хайр дурлалын тал дээр ямар хүнд татагддаг вэ?
-Үерхэж байсан нэг тохиолдол байдаг. Харилцаад, цагийг хамт өнгөрөөж, болзож байсан хэд хэдэн тохиолдол байгаа юм байна \инээв\. Төлөвшөөгүй, жаахан байхдаа өөртэйгөө адилхан үзэл бодолтой, кино их үздэг, дуу хөгжим их сонсдог гэх мэт шалдар булдар стандартыг эмэгтэй хүнд тавьдаг байлаа. Одоо бол нэгнээ их сайн ойлгож, ярилцдаг, хамтдаа байхдаа тухтай байдаг эмэгтэйг л хайж байгаа даа.
-Rusty Talks гээд контент үйлдвэрлэгчтэй хамтраад байгаа харагдсан. Ойрдоо контент хийх санаа байгаа юу?
-Анх Rusty-тай 2019 онд нэг киноны үйл ажиллагаа хийж танилцаж байсан. Өмнө нь олон жил кино сонирхоод тэр талын контент хийгээд сурчихсан залуу. Одоо хамтраад Marvel Talks гээд контент хийж байгаа. Подкастуудад нь бас үе үе ордог болсон. Нэг хэсэг Movie Box сувгаар КИНО ЯРИА буюу Movie Talks гэдэг нэвтрүүлэг цацсан. Цаашдаа ч бас ганц цахимаар гаргаад байлгүй телевизийн сувгуудтай гэрээ хийж, тэр контентоо сэргээх төлөвлөгөөтэй байгаа.
-Монголын кино үйлдвэрлэгчдийн талаар ямар бодолтой явдаг вэ. Нийтлэг сул тал ч юмуу?
-Энэ асуулт их ирдэг болохоор хариулсаар байгаад бараг залхчихжээ. Гэхдээ ерөнхийд нь хэлвэл ахиц дэвшлүүд гарч байгаа. Аливаа соёлын бүтээлүүд цаг хугацааны эрхэнд тодорхой хэмжээнд хөгжих нь мэдээжийн хэрэг.
Гэхдээ Монгол кинонууд зохиол маш муутай, дүр хөгжүүлэлт, үйл явдлын нийлэмж сул, продьюсерын үүрэг байр суурь бас хүчгүй. Киноны амин сүнс бол продьюсер. Тиймээс продьюсерууд хөгжиж, олшрох хэрэгтэй. Бас анзаараад байхад манай кино үйлдвэрлэгчид кино сайн үздэггүй.
Төрөл бүрийн, өөр өөр найруулагчийн, олон хэв маягаар хийсэн кинонуудыг үзэж нүд тайлах ёстой байх. “Загалмайлсан Эцэг”, “Шавшанкаас Оргосон нь” гэх мэт мэддэг хэдхэн кинондоо хайрцаглагдаад, ямар ч шинэ содон хийц, арга барилгүй хуучирсан уран бүтээлүүд их гаргах болж.
-Саяхан Ерөнхий Сайд Соёлын Яамтай хийсэн уулзалтынхаа үеэр “Нетфликс” кино компанид өөрсдийн бүтээлээ нийлүүлнэ, дэлхийд гарна гэх мэт төлөвлөгөөг ярилцаж байсан. Ийм боломж монголын киночдод хэр ойрхон гэж харж байна?
-Үнэндээ энэ яриа нь намайг их бухимдуулсан. Ядаж л газар нутаг, зураг авалтын орчноо түрээслүүлж, ашиглуулъя гэж ярьж байх шиг байсан. Тэр бол боломжтой зүйл. Гэхдээ Netflix гэдэг платформ чинь зүгээр нэг улсын нэг кино компани киногоо нийлүүлье гэхээр шууд хүлээгээд авчихдаггүй. Маш олон гэрээ контракт, шаардлага стандарт, хязгаартай.
Яг үнэндээ тэрэнд нь манай улсын ямар ч кино тэнцэхгүй шүү дээ. Хөндөөд, онцгойроод гараад ирье гэсэн ч бид нарт юу байгаа юм. Үнэндээ юу ч байхгүй. Тийм үлгэрийн юм төлөвлөж, ярьж байхаар жижиг зүйлсээсээ эхлээд хөгжих дэвших хэрэгтэй. Бололцоо нь өчүүхэн мөртлөө тийм том мөрөөдөл тээчихээд энэ хурдаараа урагшлаад байвал хэзээ ч хөгжихгүй, бүтэхгүй асуудал.
-Хамгийн сүүлд сэтгэлд чинь хүрч, таалагдсан Монгол кино юу байв?
-Хамгийн сүүлд найруулагч Ж.Жамьяансүрэнгийн найруулж, зохиолыг нь бичсэн “Хөхөө” гээд кино үнэхээр төгс төгөлдөр бүтээл шиг санагдсан. Арилжааны, ашгийн төлөө бүтээгээгүй болохоор төдийлөн хүмүүст хүрч чадаагүй. Гэхдээ зураг авалт, хийц, найруулга, зохиол, жүжиглэлт гээд бүх зүйл нь зүгээр л төгс байсан.
Маш их сэтгэл хөдөлгөсөн бүтээл болсон. Хүмүүсийг ч бас үзээсэй гэж хүсэж байна. Гадаадад хамгийн их үзэлттэй, ашиг олсон, кино наадмуудад нэрдэвшсэн бүтээлүүдээ Монголчууд тэр бүр мэддэггүй нь их харамсалтай санагддаг.
-Ер нь киногоо хаанаас, яаж үздэг вэ. Хулгайн сайт, домайнууд (fansub) их гарах болсон. Энэ тухай ер нь ямар байр суурьтай байдаг вэ?
-Сүүлийн үед театрууд ажиллахгүй байгаа болохоор мэдээж дандаа гэртээ аль болох оюуны өмчийг дэмжсэн кино суваг сонгон үзэхийг хичээж байна. Аргагүй Монголд үзэх боломжгүй кинонуудаа торентоос үзнэ. Ихэнхдээ Нетфликс, Mubi, видео сангуудаас л үзэж байна даа.
Харин тэр орчуулгын сайтуудын тухай бол хаа газар л орчуулгын сайт байдаг. Нэн ялангуяа Монголд энэ тухай тодорхой хууль тогтоомж байдаггүй учраас арай задгай яваад байдаг талтай. Гэхдээ тэр сайтуудын цаана байгаа хүмүүс нь өөрсдийгөө маш чухал нөлөө үзүүлээд, контент бүтээгээд байна гэж боддог юм шиг байгаа юм. Юм бүхэн өөрийн гэсэн цагтай. Ялангуяа хууль заалт зөрчөөд хийж байгаа зүйл бол хэдий их хөдөлмөр цаг хугацаа зарцуулсан ч хамаагүй дуусах цагтаа дуусах нь тодорхой хэрэг. Тиймээс тэрний төлөө уйлж унжаад, миний хөдөлмөр, цаг хугацаа гээд гомдоллоод байх хэрэг угаасаа байхгүй.
-Сонгуулийн сурталчилгаа хийх өндөр мөнгөн дүнтэй санал тавьбал хүлээж авах уу?
-Улс төрийн хувийн үзэл бодлоо бол хүссэнээрээ илэрхийлдэг. Гэхдээ мөнгө авч сурталчилгаа хийхгүй гэж маш хатуу боддог юм. Ер нь нэг ёсны толгой угаах л үйл ажиллагаа шүү дээ. Хүмүүс өөр хоорондоо өөр өөр, олон ургалч үзэл бодолтой байх нь нийгэмд илүү ашигтай л гэж боддог доо.
-Сэтгэл зүйн тогтвортой байдлаа хэрхэн сахиж, хамгаалдаг вэ. Сэтгэл гутрал, ганцаардлаас сэргийлэх сонгодог арга бий юу?
-Олон хүнтэй харилцаж, нийгэмшиж, аливааг уншиж судлах, сурахыг эрхэмлэх нь ер нь хүний сэтгэл зүйг тогтвортой байхад тусладаг юм шиг санагддаг. Тиймээс кино үзнэ, найзуудтайгаа ярилцана, тоглож наадна. Нийгмийн харилцаанд л маш сайн орох нь ашигтай юм шиг санагддаг.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Уншигчдад зориулж юу хэлмээр байна вэ?
-Өнгөрсөн бүх хугацаанд намайг дагаад бухимдах үедээ бухимдаж, инээх үедээ инээж, үзэл бодлыг минь хүлээж аваад, хүндэтгээд, хэнд ч хэрэггүй зүйл нийтэлсэн ч дагасаар байгаа уншигч нартаа баярлалаа л гэж хэлье дээ. Би ч бас маш их зүйл сураад, цаг хугацааны эрхээр төлөвшөөд, улам дээр болохыг хичээсээр л байгаа. Өнөөдрийн намайг хамтдаа бүтээлцсэнд нь талархаж байна.
П.УНДРАХ
Juleh