|

М.Эрдэнэжаргал: Шүүхээр шийдэгдсэн хэргийн талаар олон дахин мэдээлэх нь ГЭМТ ХЭРЭГ

Инженер, эрх зүйч, шинжээч М.Эрдэнэжаргалтай хүний нэр төр, алдар хүнд тойрсон эрхзүйн зохицуулалтын асуудлаар ярилцлаа.

 -Юуны өмнө хуульчид тэр бүр ярьдаггүй сэдвээр ярилцах гэж байгаад  баярлалаа. Та яагаад “Хүний нэр төр, алдар хүндэд халдах” гэдгийг судлах болсон талаар ярилцлагаа  эхлэе.

-Танай сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе.  Өөрийгөө судлаач, шинжээч хүн гэдгийг эхлээд дурдья. Миний хувьд инженер, эрх зүйч мэргэжилтэй одоо эрх зүйн магистрын судалгааны ажил хийж байгаа. Магистрын судалгааны ажил маань намайг энэ сэдвийг хөндөхөд хүргэж байгаа юм. Өөрөөр хэлбэл сүүлийн үед “Хүний нэр төр, алдар хүндэд халдах” гэх үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй, нийгэмд хор уршиг маш ихээр тарьж байна.

-Хуульчид энэ сэдвээр их маргалддаг. “Хүний нэр төр, алдар хүндэд халдах” үйлдлийг гэмт хэрэгт тооцох үндэслэлийн талаар  илүү дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?  

-Энэ асуултад хариулахын өмнө эхлээд Үндсэн хуулийн зохицуулалтыг дурдах нь зүйтэй. МУ-ын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17-д “Хүний эрх, нэр төр, алдар хүнд”-ийг хуулиар тогтоон хамгаалахаар зохицуулсан боловч санаатай болон санамсаргүйгээр хүний нэр төр, алдар хүндэд халдаж буй үйлдлүүд гарсаар байгаа юм. Хүний нэр төр, алдар хүндэд халдаж гүтгэх, доромжилсон бол гэдэг дээр маргалддаг бөгөөд Зөрчлийн тухай хуулинд гүтгэх гэдэг заалтаар шийтгэл ногдуулж байсныг өөрчилж Эрүүгийн хуулинд худал мэдээлэл тараах гэдэг зүйл ангиар оруулсан. Хэдийгээр Иргэний хуулийн 21-р зүйлээр зохицуулж байгаа ч хүний нэр төр, алдар хүндэд халдаж буй үйлдэл нийгэмд учруулж хор уршиг, аюулын маш аюултай нөхцөл байдалд хүргэж байгаа. Өөрөөр хэлбэл хүний нэр төр, алдар хүндэд халдаад байгаа үйлдэл гэмт хэргийн шинжийг агуулаад байгаа юм.

-Хэвлэл мэдээллийн салбарынхан тэр дундаа сэтгүүлч нар энэ асуудал дээр маш их эмзэг хандсан? 

-Өмнөх асуулттай холбогдуулан тайлбарлахад хүний нэр төр, алдар хүндэд халдаж гүтгэж, доромжилсон бол зөрчлийн хэрэг үүсгэж шийтгэл ногдуулж байсныг эрүүгийн хуулиар ял ногдуулахаар болсон. Миний хөндөөд байгаа сэдэв бол гүтгэж, доромжлохгүйгээр нэр төр, алдар хүндэд халдах явдал ихэсч байна. Жишээ нь: Эрүү, иргэн, зөрчил, захиргааны хэрэгт хэргийн оролцогч болж шүүхээр шийдвэрлэгдсэн үйлдлийг олон нийтэд мэдээлэх нь тухайн хүний нэр төр, алдар хүндэд халдаж үйлдэл.

Хэргийн оролцогч болж шүүхээр ял, шийтгэл хүлээсэн нь гаргасан хэрэг, зөрчилдөө тохирсон хариуцлагыг хүлээсэнд  тооцогдоно. Гэтэл түүнийг нь ярилцлага, нийтлэл, мэдээлэл болгох, эсвэл иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлж байгаа мэтээр ойлгож олон нийтэд тараах нь тухайн хүнийхээ нэр төр, алдар хүндэд халдах үйлдэл гэж үзэж байна.

-Хувь хүн, хуулийн этгээдийн үйлдсэн хэрэг зөрчлийн талаар нийтэд мэдээлэх нь буруу гэж үү? Эсвэл мэдээлсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага  буруутах уу?

-Эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн мэдээллийг  МУ-ын шүүхийн шийдвэрийн санд байршуулж байгаа. Хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд шүүхийн шийдвэрийн санд байршуулсан мэдээллийг олон нийтэд түгээх, тараах үүрэгтэй гэж бодохгүй байна. Хэрвээ хэн нэгний талаар шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг маргаанд оролцсон бол шүүхийн шийдвэрийн сангаас ороод үзчихэж болно биз дээ. Олон нийтэд зориудаар давтамжтайгаар мэдээлж байгаа нь гэмт хэргийн обьектив, субьектив шинжийг агуулж байгаа юм. Бусдад ятган үнэмшүүлэх нэр төр, алдар хүндэд халдах зорилгоор олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр тарааж байгаа нь гэмт үйлдэл гэж үзэх үндэслэлтэй.

-Олон нийтэд мэдээлсэн хэрэг маргааны талаар нийтлэх нь буруу, магадгүй цаашлаад гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй гэдэг тайлбар өгч байна. Өмнө нь болоод өнгөрсөн үйл явдлыг олон нийтэд дахин сануулж, магадгүй мэдээгүй нэг нь мэдэж авах боломжийг олгож байгаа  хэрэг биш үү?

-Хэрэг маргаан, зөрчлийн хэрэгт холбогдсон хэргийн оролцогчийн хувьд хэрэг маргааныг шүүхээр шийдвэрлэн ял шийтгэл, зэмлэлээ хүртсэнээр хэрэг, зөрчилдөө тохирсон ял шийтгэлээ эдэлсэнд тооцдог. Хэрвээ тэр хүн ял шийтгэлээ эдлээд дууссан бол тухайн хүнийг урьд өмнө холбогдсон хэрэг маргаан, зөрчилтэй холбогдуулан олон нийтэд дахин яллах нь буруу. Энэ үйлдэл нь түүнийг насан туршид нь нэр төр, алдар хүндэд нь халдаж байхыг зөвшөөрсөнөөс ялгаагүй юм.

-Монголчууд  нэр хугарахаар яс хугар гэдэг.  Хүн ямар нэг хэрэг зөрчилд холбогдсон бол насан туршид нь хар толбо үлддэг?

-Заншлын хэм хэмжээгээр зохицуулагддаг харилцаа амнаас ам дамжин тарж байдаг бичигдээгүй хууль бий. Үүнээс ялгагдах зүйл нь хэн нэгэн түүнийг олон нийтэд зарлан мэдээлэх үйлдэл хийж байгаа нь цаанаа уг хүний нэр төр, алдар хүндэд халдах гэсэн үйлдэл мөн. Гэхдээ үүнийг зөвхөн зөрчил маргаан гэдэг зүйлээр харж болохгүй. Жишээ нь: Таны банкнаас авсан зээлийн төлбөр, төлөгдөөгүй зээлийн төлбөрийн алданги, тусч байсан өвчний мэдээлэл, магадгүй бүүр эрүүлжүүлэх байранд саатуулагдсан үйлдэл зэргийг болж өнгөрсөн цаг хугацаанаас хэзээ хойно нь олон нийтэд зарлах нь ямар зорилготой  вэ. Дээрх бүх мэдээлэл худлаа биш хүн гүтгээгүй бас доромжлоогүй. Гэхдээ санаатайгаар нэр төр, алдар хүндэд халдаж буй үйлдэл.

-Амьдрал дээр энэ төрлийн тодорхой нэг жишээ байна уу?

– Маш олон жишээ бий. Хамгийн сүүлд гэхэд Зайсанд гэр лүүгээ орох гэж яваад цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг зөрчин саатуулагдсан залуу байна. Уг залууг саатуулсны дараа хэвлэл мэдээллээр олон удаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж торгуульж  байсан тухай мэдээлэл цацагдсан. Энэ нь тухайн залууг нийгэмд сөргөөр харуулах зорилготой нэр төрд халдсан үйлдэл болсон. Сонгуулийн үеэр бол өрсөлдөгч нэр дэвшигч нар ийм үйлдлийг маш их гаргадаг. Гэр бүл салж байсан, автомашинтай мөргөлдөж байсан, зөрчлийн болон эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан гэх мэт байдлаар хүний нэр төр, алдар хүндэд халдаж байдаг.  

-Таны хөндөөд байгаа сэдэв эрх зүйн зохицуулалтгүй  байгаа шүү дээ?

Тийм ээ яг үүнийг тайлбарлаад байгаа юм. Өөрөөр хэлбэл хүнийг гүтгэж, доромжлох хэлбэрээр бус хүний нэр төр, алдар хүндэд халдах гэмт үйлдэл маш ихээр гарч байна. Цаашлаад улс төрийн сонгууль таарсан жилд маш ихээр гарч байгаа нь хүний нэр төр, алдар хүндэд халдах, сонгуулийн санал хураалтад нөлөөлөх гэсэн олон санаа зорилгыг агуулдаг.

Гэтэл Эрүүгийн болоод Зөрчлийн хуулийн алинд нь ч хүний нэр төр, алдар хүндэд халдах зорилгоор үнэн бодит мэдээллийг олон нийтэд тараасан үйлдлийг зөрчил болоод гэмт хэрэг гэж үздэггүй. Судалгааны ажлынхаа хүрээнд энэ нь шинэ төрлийн гэмт хэрэг болохуйц гэм хор учруулж буй үйлдэл нийгэмд бий болоод байгааг олж харсан юм.

-Нэр төрөө сэргээлгэнэ гээд иргэний шүүхэд хандаад гомдлоо шийдвэрлүүлж байгаа тохиолдол байгаа.  Иргэний шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой  байхад яагаад заавал гэмт хэрэг болгох гээд байгаа юм бэ?

-Энд бас нэг ноцтой анхаарах зүйл гарч ирээд байгаа нь албаны үүргээ гүйцэтгэж байхдаа олж авсан мэдээлэл нь байгууллагын нууцаар хамгаалагддаг. Гэтэл зөвхөн албан үүрэгтэй холбогдуулан өгсөн эсвэл олж авсан мэдээллэл нь олон нийтэд тарж байна. Энэ бол маш том эрх ашиг, ашиг сонирхол, нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн хийж байгаа үйлдэл. Магадгүй зохион байгуулалттай, бүлэглэж  үйлдэж байгаа гэдэг утгаар  хүндрүүлэх нөхцөлтэй  ял шийтгэл оноож болохуйц харагдаж байгаа.

-Тэгвэл олон улсад  гэмт хэрэг гэж үздэг үү?

Европын холбооны улсууд болох Австри, Швейцарь, Герман, Франц улс “Бусдын нэр төрд халдсан мэдээлэл тараах” гэдэг зүйлчлэлээр гэмт хэрэгт тооцож 2 жил ял шийтгэлтэй байна. Жишээ нь: ХБНГУ-ын хувьд “Бусдын нэр төрд халдах үйлдэл” гэдгийг Эрүүгийн хуулийн 186 дугаар зүйлд 2-5 жил хүртэл ял эсхүл мөнгөн торгууль ногдуулахаар байдаг. Манай улсад бол зөрчилд ч тооцохгүй, эрүүгийн хэрэгт ч тооцдоггүй. Харин ч хэрвээ нэр төрд чинь халдсан бол Иргэний шүүхээр шийдвэрлүүлэхээр зохицуулалттай байгаа юм. Гэтэл хохирогчийн хувьд нэр төр, алдар хүндэд нь ноцтойгоор хор уршиг учруулсан үйлдлийг Иргэний шүүхээр шийдвэрлүүлж байгаа нь энэ төрлийн үйлдэл даамжрах нөхцөл бүрдээд байна.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *