Ажлын байрандаа байгаагүй эмч нарыг гэрээс нь зөөж, хайж явсаар хугацаа алдаж ЭХ, НЯРАЙ ЭНДЖЭЭ

Ховд аймгийн Булган сумын нэгдсэн эмнэлэгт эх хүүхэд эндэж хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

Тодруулбал,  Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багт оршин сууж байсан талийгаач Э нь төрдөг өдрөө тухайн сумынхаа нэгдсэн  эмнэлэг дээр 2 ч удаа ирж эмчтэйгээ уулзаж би өөрөөрөө төрхөөсөө айгаад байна, намайг касер хагалгаанд оруулаад өгөөч гэж гуйхад нь танд хагалгаа хийх заалт байхгүй, өвдөхөөрөө ирээрэй гэж хэлээд буцаажээ. Ингээд  талийгаач нь  тухайн өдөр буюу 2021.04.29-ний шөнийн  12:00 цагт  нөхөр хадам ахын хамт тус сумын нэгдсэн эмнэлэгт амаржихаар ирээд ердөө 4-хөн цагийн хугацаанд буюу 2021.04.30-нд шилжих шөнийн үүрийн 04:20 минут орчимд эмнэлэгийн орон дээр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн харамсалтай үйл явдал болсон байна.

Тэрээр 4.8 кг охин төрүүлээд өөрөө хорвоог орхисон ч түүний бяцхан үр дахин 2 хоногийн дараа буюу 2021.05.02-ны өдөр нас барсан сэтгэл эмзэглүүлэм харамсалтай үйл явдал болсон.

Энэ асуудлаар талийгаачийн ар гэрийнхэн манай сайтад хандаж гомдолтой байгаагаа илэрхийллээ.

Талийгаачийн хадам ах Э.Бүрэнбаатар хэлэхдээ: 2021.04.29-ний шөнө би дүүтэйгээ хамт талийгаачийг төрүүлэхээр тус эмнэлэг дээр ирсэн юм. Тухайн үед талийгаач зүв зүгээр эмнэлэг дээр ирээд бөмбөгөн дээр сууж дасгал хийж байгаад амаржих тасаг руу орсон.  Ингээд хэсэг хугацааны дараа эмч нарыг гэрээс нь аваад ир гэсний дагуу би дүүтэйгээ хамт явж эмнэлэгийн 6 эмч ажилтанг хувийн унаагаараа зөөж авчирсан. Шөнө байсан учир хаягыг нь мэдэхгүй их будилж хугацаа алдсан. Уг нь тус эмнэлэгт түргэн тусламжийн хэд хэдэн машин байдаг юм.  Гэтэл ар гэрийнхнээр эмч нарыг зөөлгөж хугацаа алдсанд гомдож байна хэмээн уйлав.

Ингээд  эцэс сүүлдээ байдал эвгүйтэж байгааг бид анзаарч манай дүү/талийгаачийн нөхөр/  эмч эмнэлэгийн ажилчдаас юу болсныг тодруулахад  тодорхой хариулт өгөхгүй сандарч гүйлдээд байсан учир төрөх тасаг руу гүйн ороход аль хэдийнээ хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байсан. Нүдэндээ ч итгээгүй, одоо хүртэл бүх үйл явдал нүдэнд харагдаж байна. Би дүүгийнхээ эхнэрийг биднийг орхиод үүрд явчихсан гэхэд итгэж өгөхгүй байна, миний дүү/ талийгаачийн нөхөр/ одоог хүртэл шокын байдалтай, сэтгэл зүй нь тогтворгүй, бидэнтэй ч ярихгүй байна. Ийм байхад Булган сумын нэгдсэн эмнэлэгээс нэг ч хүн ирж ар гэртээ нь уулзахгүй ямар нэгэн тайлбар өгөхгүй байгаад гомдож байна гэлээ.

Тэгвэл бид энэ асуудлын мөрөөр Ховд аймгийн ЭМГ-ын дарга Ц.Мягмарсүрэнгээс тодруулахад: Шүүх шинжилгээний хариу гараагүй байгаа учир бид урьдчилж хариуцлага тооцож, эмч эмнэлэгийн ажилчдыг буруутгаж чадахгүй байна. Хэрэв эмч нарын буруутай үйл ажиллагаанаас болсон нь тогтоогдвол хатуу хариуцлага тооцож, ажлаас нь хүртэл чөлөөлөх арга хэмжээ авна гэсэн юм.

Эх сурвалж: Khovd.mn 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *