Өнөөдрөөс ихэнх нутгаар цочир ХҮЙТЭРНЭ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөө шөнө Архангай, Булганы нутаг, маргааш өдөр Булган, Сэлэнгийн нутаг, Архангайн зүүн, Төв аймгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний бороо орно.
Малчид, иргэд, хадланчдад анхааруулах мэдээ:
Энэ сарын 3,4-нд ихэнх нутгаар бороо, 5,6-нд нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаараа нойтон цас орж, энэ сарын 4-6-нд газар тариалангийн бүс нутгаар шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2021 оны 09 дүгээр сарын 02-ноос 09 дүгээр сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Есдүгээр сарын 3-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 3-нд нутгийн зарим газраар, 4-6-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Энэ сарын 3-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 4-нөөс ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 8-13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна.