Төрийн албаныхан хувийн хэвшлийн унаагаар үйлчлүүлнэ

Ирэх оны улсын төсвийн төсөлд Засгийн газраас орлогыг нэмэгдүүлэх хэд хэдэн эх үүсвэрийг шинээр бий болгох, мөн хэмнэх хязгаарлах боломжтой, зохицуулах шаардлагатай үйл ажиллагаа байгаа хэмээн үзэж буй. Энэ үүднээс төрийн өмчит компани, ААН-үүдийн бүтцийг шинэчилнэ гэсэн чиглэлтэй байна.

Тухайлбал, зарим яамны ажилтнууд, төрийн албан хаагчдын орон тоог цөөлж, автомашины хэрэглээг тусгай чиг үүргээс бусад байгууллагад хязгаарлаж, шинээр автомашин худалдан авахгүй байх гэсэн үүднээс хандаж байна. Зайлшгүй нөхцөлд төрийн захиргааны байгууллагууд хувийн хэвшлийн шугамаар, гэрээгээр автомашин хэрэглэх боломжтой гэсэн хувилбарыг ярьж байна.

Төрийн албаны машиныг хувьдаа ашиглавал 97178008 дугаарт мэдэгдэнэ

 

Төрийн захиргааны албанд өнөөдрийн байдлаар нийт 346 автомашин хэрэглэж байна. Эдгээрээс 119 автомашины ашиглалтын хэрэглээг түүвэрлэн авч үзэхэд өнгөрсөн онд шатахуун, сэлбэг, тос, дулаан зогсоол болон бусад зардалд нийт 1.7 тэрбум төгрөг зарцуулсан дүн гарчээ.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ, төрийн албаны автомашины ашиглалтын нэмэлт зардлууд ихэссэнийг хүлээн зөвшөөрөөд, үүнийг аль болох хэмнэлтийн горимд шилжүүлнэ.Автомашины хэрэглээнээс түр татгалзах, шаардлагатай тээврийн хэрэгслийн үйлчилгээг хувийн хэвшлээс түрээслэх болон энэ талын үйлчилгээг худалдан авах, такси хэлбэрээр үйлчлүүлэх боломжтой. Ийм хэлбэр рүү аажмаар шилжихээр 2022 оны төсөвт тусгасныг онцолсон юм.

Энэ мэтээр төрийн зарим ажил, үйлчилгээг хувийн хэвшилд үе шаттайгаар шилжүүлэх байдлаар төрийн албыг аль болох цомхон байлгах, төрийн санхүүжилтийг үр ашигтай, хэмнэлттэй, ил тод байлгахыг зорьж байна. Энд төрийн байгууллагуудын цэвэрлэгээ, засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, дулааны хангамж, хоол үйлдвэрлэлийн үйлчилгээг гэрээт байдлаар хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжтой гэсэн хувилбарт байдлаар хандаж байна. Ирэх оны улсын нэгдсэн төсвийн төслийн урсгал зардлын төсөл боловсруулахад баримтлах зарчимд энэ талаар тусгаад байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *