ОХУ-тай олон жил шийдлээ хүлээж буй өр зээл, үл хөдлөх хөрөнгийн асуудлыг шийдвэрлэнэ
ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук манай улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өнөөдөр бараалхлаа.
Талууд 100 жилийн ой тохиож буй 11 дүгээр сарын 5-ны өдрийг угтан олон жил шийдлээ хүлээж буй өр зээл, үл хөдлөх хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж, эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ зууныг эхлүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгджээ
Мөн дээд, өндөр түвшний харилцан айлчлал, цахим уулзалт зохион байгуулах талаар санал солилцож, эдгээр арга хэмжээний үеэр хэрэгжүүлж болох зарим томоохон төсөл, хөтөлбөрийн талаар ярилцах боломжтойг онцолжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук нар уулзалтын төгсгөлд манай хоёр улс төдийгүй, Монгол-Евразийн эдийн засгийн холбоо хооронд бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх ихээхэн нөөц бололцоо байгааг тэмдэглэж, цахим засаглал, хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулах, эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх, хил, гаалийн хяналтыг хөнгөвчлөх, стандартыг уялдуулах чиглэлд хамтын ажиллагааг чиглүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт худалдаааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны ажил амжилттай үргэлжилж буйг сайшааж, судалгааны дүнг ойрын хугацаанд гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийлжээ.