Г.Сэржхорол: Худалдаа хөгжлийн банкныхан намайг “постоо устгачих” гэсэн
Иргэн Г.Сэржхорол одоогоос 11 жилийн өмнө 94 мкв орон сууц худалдаж авахдаа Худалдаа хөгжлийн банкаас 100 сая төгрөгийн зээл авчээ. Тухайн үед одоогийнх шиг 6 болон 8 хувийн хүүтэй ипотекийн зээл гэж байгаагүй, банкны үндсэн хүү буюу жилийн 16 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ хийсэн байна.
Гэтэл энэ хугацаанд зөвхөн зээлийнхээ хүүнд 146 сая орчим төгрөг төлжээ. Харин үндсэн зээлээс нь 25 сая төгрөг хасагдсан учир энэ сарын 10-нд зээлээ бүрэн хааж дуусгахаар Худалдаа хөгжлийн банкинд очсоноор нэгэн ноцтой асуудлыг нийгэмд ил болгоод байгаа юм. Учир нь, түүний үл хөдлөх хөрөнгийг Худалдаа хөгжлийн банк цааш нь Монголын ипотекийн корпорацид барьцаанд тавьсан байжээ. Энэ асуудлаар түүнтэй ярилцлаа.
-Та Худалдаа хөгжлийн банкнаас орон сууцны зээл аваад саяхан зээлээ хаах гэтэл МИК-ын барьцаанд байсан гэсэн. Энэ асуудлаараа ХХБ-ны удирдлагуудтай уулзсан юм байна. Ямар хариу өгөв?
-Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагатай нь уулзсан. Тэдний талаас “Буруу ойлголцсон байна” гэх тайлбар өглөө. Бид нар олон зээлийг багцлаад нэг дүн гаргаж санхүүжилт үүсгэх зорилгоор дахиж МИК-тэй хамтарч худалдаалдаг. Ингэхдээ 15 орчим хувийн хүүтэй өгсөн. Энэ нь гэхдээ хүүгийн зөрүүтэй ойлголт биш” гэж хэлсэн. Үүнээс гадна хоёр зүйл дээр ярилцлаа. Эхнийх нь гэрээний асуудал. Манай банкуудын гэрээ ойлгомжгүй байдаг. Гэрээ бол иргэн тухайн байгууллагатай харилцан тохиролцохдоо хоёр тал хоёулаа зөвлөлдөн шийддэг зүйл. Хоёр тал хамтарч гэрээ байгуулдаг учир эрх зүйн бүрэн дүүрэн боломжийг хангах хэрэгтэй. Аль нэг газар очиход ялангуяа даатгалын компаниуд болон банкууд нэг талыг барьсан, тухайн байгууллагын эрх ашгийг бүрэн дүүрэн хамгаалсан гэрээ бэлдсэн байдаг.
Зээлийн гэрээнд нэг заалт байсан.
-Ямар заалт?
-Зээлийн үл хөдлөх хөрөнгө, түүний барьцааны гэрээ гэсэн хэсэгт 1.4 дээр “Банк барьцаагаар хангагдах шаардлагыг бусдад шилжүүлэх замаар барьцааны эрхийг бусдад шилжүүлж болно” гэсэн заалт байна. Үүнийг би “Миний үл хөдлөх хөрөнгийг надад хэлэлгүйгээр бусдад барьцаалан банк дахин хөрөнгө босгож болно” гэж ойлгох ёстой байжээ. Гэтэл зээлдэгчид гэрээнд тусгагдсан тэр олон заалтууд дундаас зөвхөн үүнийг онцолж харж, ойлгохгүй. Зээлийн барьцаалбар гэж яг юуг гэдгийг санхүүгийн, үнэт цаасны өндөр мэдлэгтэй хүн нарийн ойлгоно уу гэхээс энгийн иргэн миний үл хөдлөх хөрөнгийг цаашаа давхар барьцаалах заалт байна гэж ойлгож чадахгүй.
-Тэгэхээр та энэ заалтыг анзааралгүй гарын үсэг зурсан байх нь, тийм үү?
-Тэр гэрээг Худалдаа хөгжлийн банкныхан гаргаж ирээд “Та энэ гэрээнд гарын үсгээ зураад зөвшөөрсөн байна” гэсэн. Би гарын үсэг зурсан нь үнэн. Хэрэв тэр гэрээний заалтад “Миний үл хөдлөх хөрөнгийг мөнгө олох зорилгоор тэд нар цаашаа барьцаалж болно” гэсэн тайлбар хийсэн бол би анхаарах байсан. Ийм асуудал олон хүнд үүсэх учраас хүн бүрт ойлгомжтой, энгийн үг хэллэг ашиглан зээлдэгчтэй гэрээ хийх хэрэгтэй. Иргэн бүрт санхүүгийн мэдлэг байхгүй. “Таны нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгийг бид цааш нь барьцаалж болно. Та гомдолгүй гэсэн гарын үсгээ зураарай” гэж иргэдэд тайлбар хийх хэрэгтэй. Худалдаа хөгжлийн банк хүүгээс ашиг олдог. Яагаад гэвэл намайг болон өөр зээлдэгчдийг ашиглаад мөнгө босгон хүүгийн ашиг олж байна. Эндээс хамгийн их ашиг олж байгаа нь МИК. Эрсдэл үүрэхгүй. Худалдаа хөгжлийн банкны охин компани болохоор эрсдэлийг нь банк хариуцдаг. Нэгэнт орж ирэх мөнгийг өөрийнхөө мөнгөтэй хувилж гаргаад дундаас нь хүүгийн мөнгө олдог гэхээр нэлээн ашигтай гэж ойлгож болно.
-Та энэ асуудлаар эрх бүхий байгууллагад нь гомдол гаргаа юу?
-Миний хувьд Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хороонд энэ асуудлыг шалгаж өгөхийг хүссэн өргөдөл гаргаад байна. Монгол банкнаас өчигдөр орой телевизээр тайлбар хийхдээ “Энэ бол байдаг л үзэгдэл. Олон зээлүүдийг багц болгоод санхүүжилт авдаг. Хоёрдугаарт, Монгол банк тогтмол шалгалт явуулдаг болохоор ямар нэг алдаа байхгүй. Хүүний зөрүү мөнгө авсан асуудал байгаагүй. Хамгийн гол нь Худалдаа хөгжлийн банк харилцагч нартаа сайн ойлгуулаагүй байсан ” гэсэн утгатай зүйл ярьж байна.
-Та үүнтэй санал нийлэх үү?
-Санал нийлэхгүй, Би өөр бодолтой байгаа. Цаагуураа бид нарт анзаарагдахгүй том зүйл яваад байна. Энгийн үгээр бол би 100 сая төгрөг төлөөд зээлээ хаачихлаа. Гэтэл Худалдаа хөгжлийн банк бас цаашаагаа МИК-д 100 сая төгрөгөөр зарсан. Би ямар ч гэмгүй, мэдээлэлгүй байж МИК–ын өмнө хариуцлага хүлээх болсон хэрэг. Худалдаа хөгжлийн банк сар бүр МИК-д өгдөг хүүгийн төлбөрийг өгөхгүй бол МИК миний байрыг зарах эрхтэй гэсэн үг. Гэтэл би Худалдаа хөгжлийн банкинд төлөх ёстой төлбөрөө цаг тухайд нь төлсөөр л яваа… Хамгийн аймшигтай нь энэ. Энэ гурван хэлцлийн дунд би ганцаараа ямар ч гэмгүй байж хохирогч болж байгаа юм.
-Зээлдэгчдийн барьцаалбарыг банк цааш нь багц болгон хөрөнгө босгодог гэлээ. Үл хөдлөх хөрөнгөө банкинд барьцаалж зээл авсан олон мянган харилцагч байгаа. Тэгэхээр энэ зөвхөн таны биш маш олон зээлдэгчдэд хамааралтай асуудал болох нь ээ?
-Яг үнэн. Энд зөвхөн миний асуудал яригдаад байгаагаас багцад хэдэн ч зээлдэгч ч байж болно. Чанартай багц, чанаргүй багц гэж бий. Жишээ нь, нэг багцад таван зээлдэгч байлаа. Би ганцаараа төлбөрөө төлчихсөн. Нөгөө дөрөв маань төлдөггүй. Тэгэхээр багцын чанар муудаж, багцыг зарахад миний үл хөдлөх хөрөнгө аюултай байдалд орно. Миний үл хөдлөх багцад хамаарч байгаа болохоор хамт зарагдана. Хэн миний өмнөөс хариуцлага хүлээх вэ? Би 145 сая төгрөгийн хүү төлсөн.
Худалдаа хөгжлийн банк “Бид нар Монголын хамгийн том банк, бид эрсдэлийг 100 хувь даана, асуудалгүй” гэдэг. Ялангуяа энэ Ковид-ын үед асуудалгүй газар нэг ч байхгүй. Хэрэв миний нийтлэлээс болоод Худалдаа хөгжлийн банк 10,000 харилцагчтай гэхэд 9,800 нь мөнгөө буцаад татахад маргааш нь энэ банк “Том төрийн архичин” шиг гудманд гарна. Тэр үед МИК яах вэ? Худалдаа хөгжлийн банкны захирал нь яах вэ…гэсэн асуултууд гарч ирнэ.
Би энэ сэдвийг нэгэнт эхлүүлснийх үргэлжлүүлээд явбал олон асуудал үүснэ. Хүмүүс яг над шиг Худалдаа хөгжлийн банкны талаар шалгаад мөнгөө татаж эхэлнэ. Тэгэхээр багцын чанар алдагдаж эдийн засгийн хохирол үүснэ. Магадгүй “Энэ асуудал чамаас боллоо” гэх байх. Гэрээний заалтаа нөгөө тал шууд өөрсдөө хэрэгжүүлээд явж байна гэхээр надад мэдэгдүүлэхийг хүсээгүй байгаа нь харагдаж байна. Би төлөх ёстой хүүгээ төлөөд, зээлээ хаалгасан. Хамгийн гол нь надтай адилхан өөрөөс нь шалтгаалаагүй үл хөдлөх хөрөнгө нь өөр хүнийх болчихсон хэдэн мянган хүн байгаа.
Үл хөдлөх хөрөнгө миний нэр дээр байгаа ч барьцаалбар болоод би 30 хувийн урьдчилгаагаа төлчихсөн ч нөгөө тал 70 хувийг эзэмшдэг. Хос зээлдэгчтэй тохиолдолд хоёр тал хамтдаа худалдаалах ёстой. Би 30 хувиа, нөгөө тал 70 хувиа зохих ёсны дагуу авна. Хөрөнгийн 70 хувийг эзэмшигч өөрийн дураар худалдаалж 100 хувийн ашиг ганцаараа авч байна. Гэтэл 30 хувийн эзэмшигч яах вэ? Энэ ноцтой асуудлыг УИХ-ын түвшинд нухацтай авч үзэх ёстой.
-Та өөрийн фэйсбүүктээ энэ талаараа бичиж, Худалдаа хөгжлийн банкныхантай уулаад явж байхад тэдний зүгээс ер нь ямар хандлага гаргаж байна вэ?
-Тус банкны ажилтан хэлэхдээ “Манай салбарын түвшинд санхүүгийн болон эсвэл хууль зүйн хэллэгээр ярих чадвартай хүмүүс байдаггүй. Та харин өөрөө санхүүгийн мэдлэгтэй хүн байна. Манай салбарын эдийн засагч нарын түвшинд дэлгэрэнгүй тайлбар хийж чадах хүн байхгүй. Тийм болохоор та хууль зүйн хэлтсийн хүнтэй уулзаарай“ гэсэн. Би төв дээр нь очоод 5 хоног хүлээсэн. Утсаар ярихдаа тохуурхаад байгаа юм шиг “Маргааш хариу өгөх байх” гэж намайг аргална. Намайг фэйсүүк дээр бичсэн постоо устга гэсэн. Би устгахгүй л гэсэн. Би яахаараа устгах ёстой гэж…
Надтай уулзах хүн олдохгүй болохоор нь би сүүлдээ дахиж төв дээр нь очоод “Хууль зүйн хэмжээнд надад хариу өгөх хүн байна уу, эрх бүхий хүнтэйгээ уулзуулж өгөөч?” гэж асуухад Хуулийн хэлтсийн захирал Батжаргал гэдэг хүнтэй уулзуулсан. Учир байдлаа хэлсэн ч тэр хүн тоймтой хариу өгөөгүй. Захиралтай нь уулзъя гэхээр захирал “Гадны хүнтэй уулздаггүй” гээд байна.
Бид нар бүгд 30 хувиа төлсөн байгаа. Таны 30 хувиар ийм ашиг оллоо гээд мэдэгдэж болох байсан. Нийгэмд санхүүгийн боловсрол сул байгаа учир бид нар ийм байдалд орж байна. Худалдаа хөгжлийн банк иргэдэд нээлттэй гэдэг мөртлөө очоод уулзахаар “Хүнтэй уулзахгүй” гээд явуулдаг юм байна.
Shuud shuuhdeh heregteishd….ene bol luivar.
Ene hun uur zorilgotoi bankaar turui bariad bga ym bishu. Neg l hudlaa sanagdaad yawchihlaa. Ene gants TDB ch bish buh l bankuud deer yawj bgaa uil yawts bizde
Yostoi luivar
Жинхэнэ но-той газар бна. Энэ жил хугацаа хэтэрсэн зээлээ төлөөд барьцаагаа чөлөөлөх гэж хэдэн сар болсон шүү. Өөрсдөө давхар бөрьцаанд тавьдаг нь үнэн бх. Шүүхийн шийдвэр ч но-той газар. Банкуудын ажлыг Төрийн нэртэй газрууд яахаараа хийдэг юм.