Завхан аймаг руу ниссэн “Аэро Монголиа” компанийн онгоц осолдох шахжээ
Өнөөдөр “Аэро Монголиа” компанийн MO91 Embraer-145 агаарын хөлөг “Чингис хаан” нисэх буудлаас 15 цаг 35 минутад 44 зорчигчтой хөөрч, Завхан аймгийн “Доной” нисэх буудалд 16 цаг 55 минутад буух үед баруун талын үндсэн дугуй нь хагарсан маш ноцтой асуудал гарсан байна.
“Чингис хаан” нисэх буудлаас хөөрөхөд л тас хийх чимээ гарсан гэж зорчигчид ярьжээ.
Тэгэхээр онгоц “Чингис хаан” нисэх буудлын зурвасаас хөөрөхөд л дугуй хагарсан байж болзошгүй гэж инженерүүд үзэж байна. Тус онгоц яг одоо Завханы “Доной” нисэх буудалд тeхникийн гэмтлийн улмаас саатаад зогсч байгаа аж.
“Аэро Монголиа” компанийн зүгээс хөөрсөн зурвасыг шалгаж үзтэл зурвасны гадаргуугаас хагарсан дугуйны рeзинүүд олдсон гэв. Урьдчилсан байдлаар зурвасыг дутуу цэвэрлэснээс болж дугуй хагарсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.