Улсын харцага Д.Анар : “Сүүлийн 3 жил допингтой бөхтэй барилдаж хүссэн амжилтандаа хүрээгүйд гомдолтой байна”
Энэ оны наймдугаар сарын 18-ны өдөр допингийн шинжилгээ өгсөн 18 бөхөөс улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын шинжилгээний хариуг үндэслэн допингийн зөрчил гаргасанд тооцож байна.
Мөн эдгээр допингийн зөрчилтэй бөхчүүдтэй барилдан, өвдөг шороодсон нэр бүхий бөхчүүдэд МУ-ын Ерөнхийлөгчөөс өнөөдөр нөхөн цол гардуулан олгожээ. Нөхөн цол авсан Улсын харцага Д.Анараас допинтой бөхтэй барилдаж байсан талаар тодруулга хийв.
Тэрбээр, “Монгол улсын Заан гэх эрхэм хүндтэй цолонд хүрсэндээ баяртай байна. Миний бие сүүлийн 3 жил допингтой бөхчүүдтэй барилдаж, унасан. Арав гаруй жилийн хөлс хүч, ачаалалтай хөдөлгөөний бэлтгэл, өдөр болгоны гаргасан зардлуудаа тооцвол өчнөөн юм болох байх. Энэ бүхнийг маань үнэлэн МУ-ын Заан цолыг төр засаг өгсөн гэж бодож байна.
Барилдаж байх үедээ допинг хэрэглэсэн бөхийг мэдэх боломжгүй. Хүний бие болон сэтгэлзүйд маш их өөрчлөлт өгдөг зүйл юм гэсэн. Өрсөлдөгчийнхөө сул талыг ашиглан, өөрт байхгүй хүчийг гаднаас аван барилдаж байна гэсэн үг. МҮБХ-ноос энэ допингийн асуудалд хатуу байр суурьтай хандаж байгаа.
Олон жил бэлтгэл сургуулилт хийж, хөдөлмөрлөсөн. Хөдөлмөрөө үнэгүйдүүлж байсандаа би гомдолтой байна. Намайг дэмжиж байсан нутгийн зон олон, найз нөхөд, хамаатан садан, ах дүү нарынхаа итгэл сэтгэлд хүртэл барилдаж чадахгүй байсандаа харамсаж байна” гэв.