Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчлах үеэр В.Путинтэй ганцаарчилсан уулзалт хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх сард ОХУ-д айлчилна. Айлчлалын тов тодорхой болсон бөгөөд хоёр тал бэлтгэл ажлыг хангаж байна.
Уг айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтай ганцаарчилсан уулзалт хийж, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлын талаар ярилцах аж.
Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ жил тохиож байгаа. Тус ойн хүрээнд хэд хэдэн дээд хэмжээний айлчлал хийхээр товлоод байгаа юм. Үүний эхлэл болж ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн сарын 21-22-нд манай улсад ажлын айлчлал хийсэн.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн наймдугаар сард ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн VI чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оросын талын урилгын дагуу оролцох асуудал яригдаж байсан ч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахимаар оролцож байсан билээ. Мөн энэ онд багтаан Засгийн газар хоорондын комиссын ээлжит 23 дугаар хуралдааныг зохион байгуулахаар тохироод байгаа билээ.