Ерөнхийлөгчийн анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах Улсаа тунхагласны түүхэн ойн өдрийн мэндчилгээ
Та бүхэндээ анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах Улсаа тунхагласны түүхэн ойн өдрийн мэндийг хүргэе!
Манай Улс өнөөдрөөс 97 жилийн өмнө буюу 1924 оны 11 сарын 26-ны өдөр Улсын Анхдугаар Их Хурлын арван дөрөвдүгээр тогтоолоор Анхдугаар Үндсэн хуулиа баталж байв. Үндсэн хуульд заасан ёсоор “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн эрхтэй Ард Улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино” хэмээн дотоод ба гадаадад тунхаглан зарлаж, хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхэн дэх онцгой үйл явдал болсон юм.
Анхдугаар Үндсэн хуулиа баталсан нь улсынхаа бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрүүлсэн тусгаар тогтнолын үнэ цэнэтэй үйл хэрэг болсон бөгөөд орчин цагийн Монгол Улсын төрийн байгуулалтын гол хэлбэр болох бүгд найрамдах засаг буюу ардчилсан ёсны зарчмын үндсэн дээр, сонгуулийн журмаар засгийн бүх эрх нэгээс нөгөөд шилждэг зохион байгуулалтыг тунхагласан юм. Түүнчлэн Анхдугаар Үндсэн хуулиа боловсруулахын тулд монголчууд бид хүн төрөлхтний соёл иргэншлийн ололт, орчин үеийн үндсэн хуульт ёсны суурь судалгааг хийж, Ази тивдээ анхдагч бичмэл Үндсэн хуулийг баталж, дэлхий дахины үндсэн хуульт ёсны нэн шинэ түүхийг бүтээлцсэн юм.
Үндсэн хуулиараа үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулж “…улсын дээд эрхийг жинхэнэ ардад… эдлүүлж”, “Улс төрийн бүх хэргийг ард түмнээс удирдан гүйцэтгэх явдлыг хүндэтгэнэ” хэмээн тунхаглан баталгаажуулсныг бид ардчилсан шинэ Үндсэн хуулиндаа залгамжлан хэрэгжүүлсээр байна.
Зургаан бүлэг, 50 зүйлтэй Анхдугаар Үндсэн хуулиар тусгаар тогтнолын гол баталгаа болсон газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмнийхээ өмч болгож, бүгд найрамдах засгийн үндэс болсон сонгох, сонгогдох эрх, бүх нийтээрээ бичиг үсэгт суралцах эрх, шашин шүтэх, хэвлэн нийтлэх эрх болон иргэдийг тэгш эрхээр хангасан бөгөөд өнөөгийн ардчилсан монгол орны үндэс, манай улсын орчин үеийн хөгжил дэвшлийн суурийг тавьсан гэж судлаачид дүгнэдэг юм.
Иймд энэ өдөр бол эх орноороо бахархдаг, эх түүхээ хүндэлдэг, ирээдүйн сайн сайханд тэмүүлдэг манай иргэн бүрийн баярын өдөр мөн билээ.
Энэ жил манай улсын хувьд орчин цагийн байгууллагууд үүсэж, түүхэн үйл явдал өрнөсөн олон тэгш ой давхацсан жил тохиож байна. Үүнд: Монгол тулгар төр байгуулагдсны 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсны 815 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 110, ардын хувьсгалын 100 жилийн ой төдийгүй 1946 оны 10-р сарын 20-нд Монгол Улс анх удаа ард нийтийн санал асуулга явуулж, 100 хувийн саналаар эрх чөлөөгөө баталгаажуулсаны 75 жилийн ой, НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жилийн ой тус тус тохиож буйг энд онцлон дурдахад таатай байна.
Өнөөдөр, цар тахлын халдвартай байгаа ч хамтын хүч, иргэн бүрийн хичээл зүтгэл, эх оронч сэтгэлгээгээр тахалтай тэмцэж, эрүүл энх цагийг авчрах хугацааг наашлуулж чадна гэдэгт улсын Ерөнхийлөгчийн хувьд итгэлтэй байна.
Цаг хугацааны нэг ээдрээтэй түүхийн нугачаанд хоёр их гүрний дунд орших Монгол Улсыг, тусгаар тогтносон Бүгд Найрамдах улс болгон, дэлхий дахинд зарлан тунхагласан энэ өдрийг Монголын ард түмэн бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Хэдийгээр хүн төрөлхтний өмнө тулгараад буй цар тахлын амаргүй цаг хугацаа тохиож буй ч энэхүү түүхэн өдрийг монгол хүн бүр өвөг дээдсийнхээ холч мэргэн ухаан, улс орон, эрх чөлөө, тусгаар тогтнол, түүх соёл, ёс уламжлалаа сэтгэл зүрхэндээ эрхэмлэн дээдэлж бахархалтайгаар тэмдэглэн өнгөрүүлэх биз ээ.
Монгол Улс минь үүрд мандан бадрах болтугай!