Хүүхэд хамгааллын чиглэлээр үүрэг хүлээгчдийг давтан мэргэшүүлэх сургалт, зөвлөгөөн эхэллээ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдийг давтан мэргэшүүлэх сургалт, зөвлөгөөн өнөөдөр Найрамдал төвд эхэллээ. Зөвлөгөөн 12-р сарын 11-ний өдөр хүртэл гурван өдөр үргэлжлэх юм .
Зөвлөгөөнд 21 аймаг, 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсийн дарга нар, хүүхэд хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, санхүүгийн асуудал хариуцсан ажилтан, албан хаагчдаас бүрдсэн 191 төлөөлөгч оролцож байна.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд салбарын хэмжээнд мөрдөгдөж байгаа Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан хүүхэд хамгааллын үйлчилгээний норматив зардал, санхүүжүүлэх аргачлалыг боловсронгуй болгох, боловсруултад байгаад санал авах, хэлэлцүүлэх, хүүхдийн хөгжил, хамгааллын төсвийн зардал санхүүжилтэд хийгдэх шинэчлэлийн талаарх нэгдсэн арга зүй, мэдээлэл өгч байна.
Мөн Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх магадлан итгэмжлэх үйл ажиллагааг сайжруулах, Хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үзүүлж буй үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр Хамтарсан багийн ажиллах, үйл ажиллагааг санхүүжүүлэх журам, Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилт, үнэлгээний тайлан, салбарын хэмжээнд шинээр нэвтрүүлж байгаа мэдээллийн сангуудыг танилцуулах аж.
Мөн салбарын мэргэжилтнүүдэд ЦАХИМ ШИЛЖИЛТ–д эрчимтэй шилжих хүрээнд санал, дүгнэлт гаргах, гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээр 2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар бодлогын хэрэгжилтийн талаар чиглэл өгөх, мэдээлэл солилцох, салбарын төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, үр дүнг дээшлүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээ болно.
Дээрх шинэчлэл өөрчлөлт хийгдсэнээр гэр бүл, хүүхэд, залуучууд, тэр тусмаа хүүхдийн хөгжил, хамгааллын үйл ажиллагаанд мэргэжлийн хүний нөөц, мэргэжлийн үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Сургалт, зөвлөгөөний талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Батдорж “2016 оноос хэрэгжиж эхэлсэн Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуультай хамааралтай журмын өөрчлөлтүүдийг салбарынхандаа танилцуулна.
Мөн ирэх 2022 оноос Гэр, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын төсөв босоо тогтолцоотой болж байгаа учир төсөв санхүүг зөв захиран зарцуулах, хэрэгцээ шаардлагатай байгаа, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, гэр бүл, хамгааллын үйлчилгээ шаардлагатай субьект рүү хүрэх ажлын үр дүнг сайжруулах шаардлага байгаа. Тиймээс энэхүү ажил, арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.
Цаг хугацаа хэмнэх, цааснаас цахим руу шилжих асуудлыг энэхүү зөвлөгөөнөөр хэлэлцэнэ. Цааснаас цахимд шилжихэд хариуцсан албан тушаалтнууд юуг анхаарах вэ гэдэг дээр ажиллаж байна.
Улсын хэмжээнд 33 түр хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээний төв бий. Тэнд ирсэн хүүхэд, насанд хүрэгчийн мэдээллийг нэг цэгийн үйлчилгээн дээр ажиллаж байгаа манай нийгмийн ажилтан дотоод программдаа маш яаралтай шивээд оруулахад мэдээлэл нь тухайн хамтарсан баг, үүрэг хүлээж байгаа засаг даргад цахимаар очдог байна.
Хүүхдийн тусламжийн 108 утсыг та бүхэн мэдэж байгаа. 108 утас зургадугаар сарын 1-нээс программын шинэчлэл хийсэн. Энэ программын шинэчлэлээр 728 хамтарсан баг руу шууд мэдээлэл нь очдог, сигнал очдог тогтолцоо руу явж байна. Тухайн хамтарсан багийн нийгмийн ажилтан 108 хүүхдийн тусламжийн утаснаас дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс рүү дуудлага, кэйс шилжүүлнэ.
Тухайн хэлтэс хамтарсан багийн нийгмийн ажилтан, үүрэг хүлээгчид рүү кэйсээ цахимаар шилжүүлдэг. Энэ дээр нь нөхцөл байдлын үнэлгээ, аюулгүйн зэргийн үнэлгээгээ тухайн айл өрхтөө очиж хийгээд, цахим платформдоо оруулаад явдаг тогтолцоог бий болгох гээд Etuslamj.mn платформыг ХНХЯ, НҮБ-тэй хамтран хээгжүүлээд ажил явагдаж байна” гэв.