|

Д.Дэлгэрсайхан: Иргэний улсын бүртгэлд хүйс өөрчлөгдсөний бүртгэл нэмэгдсэн

УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан бүртгэлийн лавлагаа, үйлчилгээг цахимжуулсантай холбогдуулан мэдээлэл хийлээ.   Тэрбээр “Улсын бүртгэлийн байгууллагаас нийт 150 гаруй үйлчилгээг үзүүлдэг. Монгол Улсын иргэн харьяатаас гарсан, сэргээсэн, гадаадын иргэн болсон, гэрлэлтийн бүртгэлээс бусад бүртгэл, лавлагаа үйлчилгээг цахим болгохоор ажиллаж байна.

Гадаад паспортын лавлагаа буюу гадаадад зорчих эрхийн бүртгэлийн үйлчилгээг e-Mongolia системээр дамжуулан 2,400 орчим иргэн аваад байгаа. Иргэний бүртгэлтэй холбоотой есөн төрлийн 18 үйлчилгээг цахимжуулснаар иргэд нийтдээ 213 сая төгрөг хэмнэсэн.

Хуулийн этгээдтэй холбоотой үйлчилгээнээс онцолж танилцуулбал, гэрчилгээг цахимаар авах нөхцөл бүрдсэн. Заавал үнэт цаасан дээр хэвлэхгүй, цахимаар гэрчилгээгээ авч болно. Мөн ААН-ийн оноосон нэр авах үйл ажиллагаа олон шат дамжлагатай байсныг цахимаар нэг удаагийн хандалтаар авах боломж бүрдсэн” гэлээ.

Улсын бүртгэлийн байгууллагын нийтдээ 1.1 гаруй лавлагаа, бүртгэлийн үйлчилгээг e-Mongolia системээр дамжин олголжээ. Ингэснээр  иргэдийн зүгээс зарцуулагдах байсан  13 тэрбум төгрөгийг хэмнэсэн   гэх тооцоолол хийжээ.

 

Түүнчлэн  Регистрийн дугаараас гадна бүртгэлийн дугаар хэрэглэх нь улсын бүртгэлийн байгууллагын гол ажлын нэг болж байна.  Энэ хүрээнд 2022 оноос хойш иргэнийг регистрийн дугаар биш 12 орон бүхий бүртгэлийн дугаараар таньж баталгаажуулах аж. Үүнтэй холбоотойгоор 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүдэд бүртгэлийн дугаар олгож эхэлсэн байна.

Регистрийн дугаар хөгжлийн шатанд тодорхой хэмжээний шаардлага хангахгүй болж байгаа  аж.  Тодруулбал, иргэний улсын бүртгэлд хүйс өөрчлөгдсөний бүртгэл нэмэгдсэн. Энэ бүртгэлийг дагаад заавал регистрийн дугаар өөрчлөгдөх шаардлагатай. Учир нь регистрийн дугаарын сүүлийн орон эрэгтэй, эмэгтэйг илэрхийлдэг.

Мөн шүүхээр насаа тогтоолгох гэх мэтээс шалтгаалан регистрийн дугаар өөрчлөгдөх нөхцөл үүсдэг. Дээрх шалтгаануудын улмаас иргэнийг таних цор ганц бүртгэлийн дугаар шаардлагатай гэж үзсэн  байна.

Гэхдээ регистрийн дугаарыг мэдээллийн сангаас устгахгүй.  Регистрийн дугаарын хэрэглээнээс бүртгэлийн дугаарын хэрэглээнд шилжинэ  гэж ойлгох хэрэгтэйг албаныхан мэдээллээ. 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *