“Miss World-2021″тэмцээний финалын шалгаруулалт халдварын улмаас хойшлогджээ
“Miss World -2021” финалын шатны шалгаруулалт өнөөдөр өглөө 8 цагаас зохион байгуулагдах товтой байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлогджээ.
Тэмцээнд оролцогчид, арын албаны ажилтнууд, багийнхан болон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг эрсдлээс хамгаалах үүднээс АНУ-ын Пуэрто Рикогийн нийслэл Сан Хуаны “José Miguel Agrelot Coliseum” цэнгэлдэх хүрээлэнд болохоор төлөвлсөн сүүлийн шатны шалгаруулалтыг хойшлуулж, 90 хоногийн дотор дахин товлох тухай “Miss World”-ийг зохион байгуулагчид албан ёсоор мэдээллээ.
Вирусийн тархвар судлаач, эмнэлгийн мэргэжилтнүүд Пуэрто Рикогийн Эрүүл мэндийн газартай ярилцан зөвшилцсөнөөр уг шийдвэрийг гаргасан байна.
Тайзан дээр гарах болон хувцас солих өрөөнд халдвар тархах эрсдэл нэмэгдэж, эерэг тохиолдлууд батлагдсан аж. Эмнэлгийн мэргэжилтнүүд ийм нөхцөлд нэн даруй хорио цээрийн дэглэм тогтоон, ажиглалт, шалгалт хийх шаардлагатай хэмээн үзжээ.
Тэмцээнд оролцогчид болон ажилтнуудыг эмнэлгийн байгууллагынхны зөвшөөрлөөр эх орон руу нь буцаах юм байна. “Оролцогчид маань дэлхийн миссийн титмийн төлөө өрсөлдөхөөр эргэн ирэхийг цагийг бид тэсэн ядан хүлээж байна” хэмээн “Miss World”-ийн захирал Жулиа Морли хэлжээ.
Ташрамд дурдахад, Монгол улсаа төлөөлөн оролцож буй А.Бөртэ-Үжин маань тус тэмцээний “Мисс авьяас” номинацид дэлхийн 130 гаруй орны оролцогчидтой өрсөлдөн ялалт байгуулж нэгдүгээр байр эзэлж “ДЭЛХИЙН АВЬЯАСЛАГ МИСС” болон, хагас шигшээд шалгараад байгаа билээ.