Генри нэртэй нохой есөн сартай бяцхан охины амийг аварчээ
Гэрийн тэжээмэл амьтад эздэдээ элдэв муу зүйл тохиолдохыг хамгийн их мэдэрдэг зөн совинтой байдаг аж. Яг л зургаа дахь мэдрэхүйгээрээ мэдэрсэн гэлтэй эзнийхээ амийг аварсан, аюулыг урьдчилан сануулж эрсдэлээс хамгаалсан олон түүхийг та сонсож байсан байх.
Тэгвэл та бүхэнтэй Генри нэртэй нохой есөн сартай бяцхан охины амийг аварсан түүхээс хуваалцъя.
Энэ түүхийг охины ээж Келли Эндрю цахим хуудаснаа нийтэлснээр олны анхаарлыг татаж, хүмүүс гэрийн тэжээмэл амьтад нь тэдэнд хэрхэн тусалсан талаарх гэгээлэг түүхүүдээ хуваалцжээ.
Келли Эндрю болон түүний нөхөр охиноо ханиад хүрснийг мэдэж байлаа. Тэд охиноо унтуулчхаад орхих үед Генри нохой хүүхдийнх нь өрөө рүү орж байн байн сэрээгээд байжээ. Нохойныхоо энэ үйлдлээс залхсан Келли Эндрю бүсгүй “Битгий ийшээ ороод бай” хэмээн Генри нохойг хэд хэдэн удаа өрөөнөөс хөөх шахам гаргасан аж.
Генриг өрөөнөөс гаргасан ч тэр буцаад л охины өрөө рүү орохоор завдах үед нь Келли Эндрю нохой нь өмнө нь ийм үйлдэл гаргаж байгаагүй талаар эргэцүүлж, охиноо зүгээр эсэхийг шалгахаар хартал бяцхан охиных нь амьсгал боогдон, царай нь хөхөрсөн байжээ.
Ингээд тэд яаралтай эмнэлгийн тусламж авснаар охиныхоо амийг аварч чадсан байна. Тэд энэхүү үйл явдлаа цахимд бичсэнээр Генри нохойг хүмүүс “дөрвөн хөлтэй баатар” хэмээн алдаршуулж, Зул сарын баяраар түүнийг шагнаж гоё бэлэг өгөх хэрэгтэй хэмээн сэтгэгдлүүдээ илэрхийлжээ.
Эх сурвалж: BP