Т.Доржханд: Сайд нар бүгдээрээ нийтийн тээврээрээ зорчдог болмоор байна
УИХ-ын чуулганы өчигдрийн /2021.12.23/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр /Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл/-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.
Энэ асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахын өмнө УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Т.Доржханд :
Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхэд 430 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн шиг санаж байна. Дээр нь Зээлийн хэлэлцээрийн хүрээнд 100 сая долларын санхүүжилт хийвэл таван жил орчим хугацаанд нийт 800 орчим тэрбум төгрөгийг түгжрэлийг бууруулахад зарцуулах нь. Их хэмжээний мөнгө тусгаж байна. Гэхдээ үр дүн чухал.
Өмнө нь АХБ, Дэлхийн банкны санхүүжилттэй олон төсөл хэрэгжсэн ч үр дүн гараагүй. Ганц асуудал байна. Тогтвортой, тууштай биш солигддог. Дарга нар нь нийтийн тээврээр үйлчлүүлдэггүй.
Улаанбаатар жижигхэн хот шүү дээ. Дэлхийн том хотуудтай харьцуулахад алхаад явах боломжтой. Явган хүний замуудыг тэлмээр байна. Унадаг дугуйн замуудыг нэммээр байна. Сайд нар бүгдээрээ нийтийн тээврээрээ зорчдог болмоор байна. Японд сайд нар нь метрогоороо явдаг, сайдын машин гэж байхгүй.
Өглөө 06 цаг зүүрмэглээд л явдаг, оройтвол таксидаад л харьдаг шүү дээ. Гэтэл манай сайд нар дохиолол хангилуулаад явдаг. Ийм ядарсан орны дарга нар өөрсдөө нийтийн тээврээрээ явдаг, тусгай хангамжтай байхаар хэн нийтийн тээврээр явах юм бэ. Гаднаас олон улсын байгууллагынхан ирээд “Ямар муухай юм бэ, энэ төсөл хэрэгжихгүй юм байна” гээд явдаг. Тэгэхээр энэ төслийг хэрэгжүүлье. УИХ-аас чиглэл өгье, сайдаасаа эхлээд бүгдээрээ нийтийн тээврээр явъя, унадаг дугуйгаар эсвэл алхая. Ингэж байж энэ төсөл хэрэгжинэ, хөдөлнө” гэлээ.
Ийм ядарсан орны дарга нар өөрсдөө нийтийн тээврээрээ явдаг, тусгай хангамжтай байхаар хэн нийтийн тээврээр явах юм бэ.
“Улаанбаатар хотын тогтвортой автозам, тээвэр төсөл”-ийг Дэлхийн банкны группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 100 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тохиролцож, уг зээлийн хэлэлцээрт 2021 оны наймдугаар сарын 24-ний өдөр гарын үсэг зуржээ. Төслийг санхүүжүүлэхэд Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох бол Нийслэлийн төсвөөс 10 сая ам.доллартай тэнцэх хэмжээний санхүүжилтийг газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтэд зориулж гаргахаар төлөвлөжээ. Хөнгөлөлттэй зээл нь 30 жилийн хугацаатай бөгөөд үүнээс эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм.
Төслийн хүрээнд гудамжны замын одоо байгаа сүлжээг засварлаж шинэчлэх, шинээр автозам барих, замын хөдөлгөөний зохицуулалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, нийтийн тээврийг сайжруулах, хотын зам, тээврийн стратегийн судалгаа, чадавхыг бэхжүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэх юм байна.
ИРЭХ 3 ЖИЛД НАРНЫ ЗАМЫГ ЗУРГААН ЭГНЭЭ БОЛГОЖ, ҮРГЭЛЖЛҮҮЛЭН 60.5 КМ ЗАМ БАРИНА
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь хуулийн төслийг дэмжиж, зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан өчигдөр болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Төсөлтэй холбоотой тавьсан гишүүдийн асуултад Ажлын хэсгийн гишүүдийн хариулав. Үүнд, Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээний төслийг Засгийн газарт танилцуулан үндэсний хороо байгуулан ажиллаж, авто замын түгжрэлийг бууруулах 28 зүйл бүхий 146 төсөл арга хэмжээг олон улсын зээл, дотоодын хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн аж. Үүний нэг нь Дэлхийн банкны зээлийн санхүүжилтээр хийгдэх дээрх төсөл юм байна. Энэ ажлын хүрээнд Нарны замын хэвтээ чиглэлийн замыг зургаан эгнээ болгож, зам тээврийн удирдлагын системийг шинэчлэхээр төлөвлөжээ.
Ирэх гурван жилийн хугацаанд Нарны замын чиглэлд шинээр 60.5 км зам барихаас гадна 71.5 км шинэ тойрог зам барихаар тусгасан байна. Шинэ тойрог замын газар чөлөөлөлтөд 120 орчим тэрбумыг зарцуулж, долоон газарт гүүрэн байгууламж барих юм байна. Яармагийн чиглэлд 650 метр гүүрэн байгууламж, түүнчлэн Зайсан, баруун Сонсголонгийн чиглэлд, түүнчлэн шинэ тойрог байгуулахтай холбогдуулан 11 ширхэг олон түвшний огтлолцолтой гүүрэн байгууламж барихаар төлөвлөсөн гэлээ. Эдгээр цогц арга хэмжээнүүдийн нэг нь Дэлхийн банкны төслийн дагуу хэрэгжих юм гэв.
Нарны замын одоо байгаа 9.5 км хэсгийг зургаан эгнээтэй болгох бөгөөд тэрхүү зам баруун тийш Сонсголонгийн уулзвартай нийлэн баруун аймгууд руу явдаг замтай холбогдох бол зүүн тийшээ Улиастайн гүүрний замтай нийлэх аж. Нийтдээ Нарны зам 17.5 км, зургаан эгнээ болно гэсэн хариулт өгсөн юм.