“Монгол бахархлын өдөр”-ийн хүндэтгэлийн уулзалт боллоо

Онцгой байдлын байгууллага жил бүр “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан хүндэтгэлийн уулзалт зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн хүндэт зочин Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор /Sc.D/, профессор, академич Д.Доржготов байлаа.
Д.Доржготов нь Москвагийн их сургуулийг хөрс судлаач-агрохимич мэргэжлээр төгссөн. Төгсөж ирсэн цагаасаа өнөөг хүртэл ШУА, Газарзүй геоэкологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаас эхлэн эрхлэгч, захирлаар тасралтгүй 60 орчим жил ажилласан.
Монгол Улсад хөрсний газар зүйн судалгааг үндэслэгч, анх удаа монголын хөрсний зургийг зохиож хөрсний ангиллыг боловсруулж тодорхойлолт өгсөн гээд газар зүйн шинжлэх ухааны төлөө өөрийн амьдралыг зориулж яваа нэрт эрдэмтэн юм.
Өнгөрсөн онд Монгол Улсын төрийн дээд шагнал болох “Чингис хаан” одон хүртэж, өдгөө 84 настай ч хойч үеэ сурган хүмүүжүүлэх үйлсэд одоо ч зүтгэж байна.
Хүндэтгэлийн уулзалтыг нээж, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Газрын хөрсийг, “дэлхийн арьс” гэж үздэг, хөрс бол дэлхий дээрх амьдралыг тэтгэгч юм. Энэхүү “амьдрал тэтгэгчийн” төлөө таны хийсэн бүхэнд талархал илэрхийлье” гэлээ.
Уулзалт, дэлхийн дулаарал, хүн амын хэт өсөлтийн улмаас байгаль экологи хэрхэн доройтож байгаа, монгол орны хөрсний онцлог зэрэг сэдвээр мэдээлэл өглөө.
Мөн энэ үеэр алба хаагчид түүний бүтээл, судалгаа шинжилгээний ажлын талаар болон бусад сонирхсон асуултаа асууж, харилцан ярилцлага өрнүүлсэн.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *