|

Төрийн байгууллагууд 2025 оноос эхлэн албан хэргээ хос бичгээр хөтөлнө

Монгол  хэлний тухай хуулийг 2015 онд баталсан. Энэ хуулийн дагуу Үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангаж байна.

Монгол хэлний тухай хуульд төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс  албан хэргээ кирилл, үндэсний хос бичгээр хөтлөн явуулна гэж заасан юм.

Энэ заалтыг хоёр жилийн дараа мөрдөж эхлэх тул Засгийн газраас “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг баталж, Хэлний бодлогын үндэсний зөвлөл хариуцан ажиллаж байна.

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Н.Нарангэрэл

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Н.Нарангэрэл

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Н.Нарангэрэл Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг сэтгүүлчдэд танилцуулсан юм. 21 хүний бүрэлдэхүүнтэй тус ажлын албыг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан ахалдаг аж.

ХОС БИЧИГТ ШИЛЖИХ БЭЛТГЭЛ 1985 ОНД ЭХЭЛЖЭЭ

1985 онд монгол бичгийн тухай анхны эрхзүйн баримтыг баталснаас хойш 2015 он хүртэл Ерөнхийлөгчийн зарлиг, Ерөнхий сайдын захирамж зэргийг тасралтгүй гаргажээ. Нийт Засгийн газрын 11 тогтоол, сайдын 11 тушаал баталж, 1985-1990 оны хооронд монгол бичгийн 28 сурах бичиг хэвлэсэн байна.

Зарим хүн бүх нийтээрээ монгол бичигт шилжинэ гэж буруу ойлгосон.

1985-1986 оны хичээлийн жилд сурах бичгүүд бэлэн болсон тул 7-8 дугаар ангийнханд монгол бичгийн хичээлийг анхлан зааж эхэлжээ. 1991-1994 онд дахин 25 толь, сурах бичиг, гарын авлага туурвижээ. 1995-2007 онд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр 1”-ийг батлан хэрэгжүүлсэн.

2005-2015 онд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-2”-ыг  Засгийн газраас баталсан байна.

Монголчууд хос бичигтэн болох бэлтгэлээ 1985 оноос эхлүүлсэн. Өмнөх хоёр хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг эргэн харж, хэлэлцсэний эцэст төрийн албан хаагчдад ямар арга зүйгээр, аль сурах бичиг, толь ашиглан монгол бичиг заах нь тодорхой боллоо.

Монгол хэлний тухай хуульд монгол бичигтэй холбоотой дараах заалт бий.

11.1 Үндэсний  бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны  үр дүнд төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний бичгээр хөтөлнө.

Энэ заалтыг хэрэгжүүлэх зорилгоор 2020 онд гурав дахь хөтөлбөрийг баталжээ. Дөрвөн зорилт дэвшүүлэн, нийт 69 үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Эдгээрийг амжилттай хэрэгжүүлбэл 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн алба хос бичиг рүү шилжинэ. Харин зарим хүн бүх нийтээрээ монгол бичигт шилжинэ гэж буруу ойлгосон гэж Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Н.Нарангэрэл онцлов.

Хэлний бодлогын үндэсний зөвлөл (ХБҮЗ) төрийн бусад байгууллагатай хамтран “Алсын хараа-2050”-д “Монгол хэл, бичиг” гэсэн хэсгийг багтаажээ. Үүнд 2020-2030, 2031-2040, 2041-2050 он хүртэлх монгол бичгийн бодлогыг тодорхойлон, найман зорилт дэвшүүлсэн байна.

ЦАХИМ ОРЧИНД МОНГОЛ БИЧГИЙГ ХЭРХЭН ХЭРЭГЛЭХ ВЭ?

Сүүлийн жилүүдэд цахим хэрэглээ ихээхэн өсөж буй тул цахимд монгол бичгийг хэрхэн хэрэглэх талаар одооноос шийдэх шаардлагатай. Монгол, Буриад, Өвөр Монголд монгол бичгийг хэрэглэдэг. ХБҮЗ 2000 онд Олон улсын Юникодын консерциумтай хамтран Монгол бичгийн юникодыг (Монголжин бичгийн стандарт) баталжээ. Энэ стандарт авиан зүйн зааврын дагуу батлагдсан тул монгол бичгийг дүрсээр кодолно гэх яриа гарсан нь ташаа мэдээлэл аж.

Аймгаар нь харвал Говь-Алтай аймгийн төрийн албан хаагчид хамгийн өндөр буюу 74 хувь нь хос бичигт шилжихэд бэлэн гэжээ.

Гэхдээ стандартаа улам боловсронгуй болгох шаардлага бий. Монгол бичгээс кирилл рүү, кириллээс монгол бичиг рүү буулгахад програм хэрэгтэй болно. Олон улсын Юникодын консорциумын төлөөлөлтэй Монгол, Өвөр Монгол, АНУ-д уулзсан. Компьютерт монгол бичгээр шивэхэд илүү хялбар болгох шийдлийг хамтран эрэлхийлж байгаа аж.

Одоогоор president.mn, news.mn, montsame.mn гэх мэт 12 сайтад монгол бичгээр бичсэн  контентууд бий. Мөн таван толь бичиг цахимд нээлттэй байна. Нүүр номын 80 орчим группийг идэвхжүүлэн ажиллаж байна. Эдгээрт 570 иргэн идэвхтэй байдаг. “Хүмүүн бичиг” сонин, “Уламжлал” сэтгүүлийг монгол бичгээр хэвлэж байна. Мөн 2020 оны есдүгээр сараас МҮОНРТ шууд мэдээндээ эх сурвалжуудын нэр, албан тушаалыг монгол бичгээр бичдэг болсон.

Хэлний бодлогын зөвлөл ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнтэй хамтран 2016, 2020 онд төрийн албан хаагчдаас шалгалт авсан юм. Шалгалтын материалын ¼ нь монгол бичгийн сорил байв.

Төрийн байгууллагуудын 2025 оны эхнээс хэрэглэж эхлэх албан бланк, гадна хаягийн зааврыг баталлаа. Одоогоор 21 аймагт хос бичгийн хаягжилт 75 хувьтай, харин нийслэлд хаягжилт тааруу байна. Иймд бид есөн дүүрэгт жишиг хаягтай гудамжнууд бий болгох ажлыг НЗДТГ-тай хамтран ажиллаж байна. Өглөөний гудамжнуудыг монгол бичгийн хаягтай болгоно.

Архивын ерөнхий газартай хамтран 21  аймгийн архивын ажилтнуудыг сургалтад хамруулав. Оюуны өмчийн газартай хамтран 2016 оноос бараа бүтээгдэхүүний хаяг, шошго, эмблемийг монгол бичгээр хийж байна.

Монгол бичиг сурах ажлыг шинэ шатанд гарган, багш нарын ур чадварыг дээшлүүлэх шаардлагатай. Цар тахлын улмаас багш нарыг цахимаар сургалтад хамруулж байна. Манай улсад монгол хэл, уран зохиолын 3040 багш бий. Мөн тэтгэвэрт гарсан багш нар, монгол бичигт сэтгэл зүрхээ зориулсан гээд нийт 5000 хүний мэдээллийн санг бүрдүүлжээ.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ТАЛ НЬ МОНГОЛ БИЧИГТ ШИЛЖИХЭД БЭЛЭН ГЭЖЭЭ  

2016 оноос Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн салбаруудыг 21 аймагт байгуулан, монгол бичгийн 1-2 өдрийн сургалтыг зохион байгуулж байна.

Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-3”-т хэвлэл мэдээллийн байгууллагууд нийт контентийнхоо 30 хувийг монгол бичгээр олон нийтэд хүргэх үүрэг хүлээсэн.

Манай улсад нийт 190 мянган төрийн албан хаагч бий. Тэднээс төрийн тусгай албан хаагчдыг хасаад ҮСХ-той хамтран судалгаа явуулсан юм. 149 мянган төрийн албан хаагчийн монгол бичгийн мэдлэгийг үнэлэхэд 53.6 хувь нь монгол бичигт шилжихэд бэлэн гэж хариулсан. Зарим хүн энэ дүнг өндөр байна гэж эргэлзэн хүлээж авсан. 1992 оноос хойш төрсөн буюу монгол бичгийг түлхүү үзсэн залуус төрийн албанд олноороо ажилладаг. Тэд монгол бичигт шилжихэд бэлэн гэжээ. Монгол  бичгээр уншиж бичиж чаддаг эдгээр насны бүлгийнхэн төрийн албан хаагчдын 33 хувийг бүрдүүлдэг.

Аймгаар нь задлаад харвал Говь-Алтай аймгийн төрийн албан хаагчид хамгийн өндөр буюу 74 хувь нь хос бичигт шилжихэд бэлэн гэсэн бол Баян-Өлгийд  энэ үзүүлэлт 37 хувь байна.       Судалгааны үр дүнгээс 46-60 насны, төрийн удирдах алба хашиж буй иргэдэд монгол бичгийн сургалт явуулах зайлшгүй шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан.

Цаашдаа Монгол бичгийн хэрэглээг төрийн албан хаагчдаар хязгаарлалгүй, бүх түвшинд нэвтрүүлэх шаардлагатай. Үүнд хэвлэл мэдээллийн байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэнэ. Иймд Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-3”-т хэвлэл мэдээллийн байгууллагууд нийт контентийнхоо 30 хувийг монгол бичгээр олон нийтэд хүргэх үүрэг хүлээсэн. Иймд хэвлэл мэдээллийн байгууллагууд одооноос сэтгүүлчдээ сургах хэрэгтэйг зөвлөв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *