Бөөрний дутагдалтай 1000 гаруй хүний амь нас цагаар хэмжигдэж, Монгол Улс хятадаас гуурс хүлээсээр…
Коронавирусийн цар тахлын нөхцөл байдал, шинэ төрлийн омикрон хувилбарын тархалттай холбоотойгоор БНХАУ хилийн хориг тогтоосноос хойш багагүй хугацаа өнгөрөв. Урд хөрш ийн хилээ хааж, монголчууд бидэнд үндэсний бөгөөд дотоодын үйлдвэрлэл хичнээн чухал болохыг сануулсаар буй. Тэр дундаа эм, эмнэлэгийн хэрэгслийн хомсдол асуудал болоод байна.
Тухайлбал, УНТЭ Бөөрний архаг дутагдалтай өвчтөнд бөөр орлуулах эмчилгээний нэг хэлбэр болох “Бөөр орлох-Цус шүүх” эмчилгээний технологийг 2019 онд нэвтрүүлсэн. Одоогийн байдлаар улсын хэмжээнд нийт 1000 гаруй иргэн “Бөөр орлох-Цус шүүх” эмчилгээнд тогтмол хамрагдаж байна. Гэтэл энэхүү эмчилгээний гемодиализмийн аппаратны хэрэгслүүд БНХАУ-ын хилийн хоригоос үүдэн тасарч, улсын хэмжээнд нөөц дуусаж 1000 гаруй иргэдийн алтан амь нас дээсэн дөрөөн дээр байна.
Уг асуудлаар эмийн тээвэрлэлтийг хариуцсан “Гоо Ууд Транс” ХХК-ын захирал н.Мөнхбаяраас тодруулахад, “Өнгөрсөн оны арван хоёрдугаар сард Эрээний боомт дахь төмөр замын ачилтыг гэнэтийн шийдвэр гарган, хилийн хориг тавьсан. Үүнтэй холбоотойгоор эмийн нөөц, эмнэлгийн хэрэгсэл тооцоолоогүй хомстолд орсон. Бидний зүгээс эм, эмнэлгийн хэрэгслийг шуурхай ачилт хийлгэхээр ЭМЯ, Төмөр зам, Замын-Үүд дахь Онцгой комисc гэх мэт олон байгууллага хамтран ажиллаж байгаа. Үүний хүрээнд Эрээний боомт дээр гацсан эм, эмнэлгийн хэрэгслүүд эхнээсээ орж ирээд, эмнэлэг, эмийн санд хүргэгдсэн.
Бөөр орлох-Цус шүүх аппаратын хэрэгсэл манай улсад нөөц дууссан. Наашаа ачигдаад, Эрээний хил дээр гацсан байгаа. Бид энэ асуудалд яаралтай арга хэмжээ авахаар БНХАУ-ын төмөр замын газартай хамтран ажиллаж өнөөдөр, маргаашаас хэтрэлгүй оруулж ирэхээр болсон. БНХАУ хилийн хориг тавьснаар улсын хэмжээнд татаж чадахгүй эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал ихээр үүсэж байна. Хамгийн чухал, өргөн хэрэглээний бараа бол эм, эмнэлгийн бараа байдаг. Гэсэн ч тусгай зориулалтын чингэлгээр тээвэрлэлт хийдэг учир өнөөдөр ачуулаад, маргааш нь шууд таталт хийх боломжгүй. Тодорхой хугацаа зарцуулах хэрэгтэй болдог” гэв.