Дэлхийн тайзнаас буусан Оросууд
Дэлхий нийт ОХУ Украин руу хүч түрэмгийлэн довтолсоноос үүдэн урлаг, спортын салбарт хүртэл хориг арга хэмжээ авхуулах болов. Оросын уран бүтээлчид болон компаниуд Кремлийн гаргасан шийдвэрийн үр дагаврыг мэдэрч эхэлсэн. Орос улс Аваргуудын лигийн эрэгтэйчүүдийн финал, Формула 1-ийн Гран При гэсэн хоёр нэр хүндтэй тэмцээнээс хасагдаад зогсохгүй дэлхий даяар оросуудын тоглолтыг цуцалсаар байна.
“Eurovision”-д энэ жил Орос улсын төлөөлөл болсон урлаг соёлын дуучдыг оролцуулахгүй болсон. Европын өргөн нэвтрүүлгийн холбоо (EBU)-ноос энэ жил ОХУ-ыг оролцуулбал томоохон эсэргүүцэлтэй тулгарах тул аюулгүй байдлаа нэгдүгээр тавьсан нь дээр гэж үзэж буйгаа твиттер хуудаснаа нийтэлжээ.
Хатан хааны дуурийн театраас дэлхийн хамгийн эртний, нэр хүндтэй балетын театруудын нэг болох Москвагийн Большой балетын тоглолтуудыг цуцалсан байна. ОХУ-ын Сибирийн улсын балетын тоглолтыг Волверхэмптоны Гранд театр болон Нортгемптон дахь Рояал, Дернгэйт театрууд мөн цуцалжээ. Дублин хотын “Helix” театр “Украины ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байхын тулд” хэмээн Москвагийн хааны балетын “Хунт нуур” жүжгийг цуцалжээ.
Нью-Йоркийн Карнеги Холл дахь Венийн филармоныг удирдахаар төлөвлөж байсан Оросын удирдаач Валерий Гергиевийн тоглолтыг цуцаллаа. Мөн Оросын төгөлдөр хуурч Денис Мацуевыг тоглолтод оролцуулахгүй болсон. Учир нь тус хоёр хүн 2014 онд Орос Крымийг өөртөө нэгтгэхийг олон нийтэд дэмжиж байсан түүхтэй. Оросын Мариинскийн оркестрын Карнеги Холлд тавдугаар сард болон Гергиевын удирдан явуулах байсан хос тоглолтууд мөн цуцлагдлаа.
Венец, Их Британи дахь урлагийн музеинүүд ОХУ-аас оролцож буй бүтээлчдийг үзэсгэлэнг хийхгүй гэдгээ зарласан. Украины кино академи Оросын кино урлагийг олон улсын хэмжээнд бойкотлох, тэр дундаа олон улсын наадамд Оросын киног үзүүлэхийг хориглохыг уриалав. Тус байгууллага цахим өргөдөлдөө “Дэлхийн гүрнүүд ОХУ-ын эсрэг эдийн засаг, улс төрийн хориг арга хэмжээ авч байгаа энэ үед тус улс соёлын салбарт идэвхтэй ажиллах ёсгүй” гэжээ.
Эх сурвалж: the guardian
П.ШИНИЙН НЭГЭН