СУДАЛГАА: Монгол эмэгтэйчүүд дунджаар өдөрт 33 минутыг өөртөө зарцуулдаг
Нийгмийн ардчилал- Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ноос “Эмэгтэйчүүдийн амьдралын чанар-2021” судалгааны тайланг танилцууллаа.
Судалгааг Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргээс түүврийн аргаар санамсаргүйгээр сонгон явуулжээ. Судалгааны дүнгээр эмэгтэйчүүдийн олонх нь нийгмийн чиглэлийн хичээл сонгон суралцаж, тэр чиглэлийн мэргэжлээр ажиллаж байгаа бөгөөд IT, технологийн чиглэлд ажиллах нь ховор байна.
НАМЭХ-ны Улс төрийн бодлого, эмэгтэйчүүдийн манлайлал хариуцсан дэд ерөнхийлөгч М.Оюунчимэг “Энэ судалгаа эмэгтэйчүүдэд хуримтлал хэрэгтэйг харууллаа. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд санхүүгийн чадавхтай, өөртөө итгэлтэй байвал шийдвэр гаргах түвшинд хүргэх дуу хоолой хүчтэй байж чадна гэдэг нь энэ судалгаанаас харагдаж байгаа юм.
Эмэгтэйчүүдийн нуруун дээр байгаа маш олон үүргийг бууруулахын тулд “нэргүй” ажлуудыг цалинтай болгох 0-2 настай хүүхэдтэй ээжид цалинтай чөлөө олгодог. Тэгвэл эцэгт ч мөн цалинтай чөлөө олгодог байх асуудлыг Хөдөлмөрийн хуульд тусгахаар ажиллаж байна” гэлээ.
Судалгаанд оролцсон 5 эмэгтэй тутмын нэг нь ипотекийн зээлтэй байна. Зургаан эмэгтэй тутмын нэг нь түрээсийн байранд амьдарч байна. Байр 25.3 хувь нь эхнэр, 77.7 хувь нь нөхрийн өмчлөлд байна. Тэгэхээр эмэгтэйчүүдэд эд хөрөнгө эзэмших эрх хязгаарлагдмал байна гэж үзэж болохоор байна.
Судалгаанаас харахад эмэгтэйчүүд гэр бүл, үр хүүхэд, ээж аавтайгаа ихэнх цагийг өнгөрүүлдэг байхад эрчүүд эсрэгээрээ найз нөхөд, хамт олон, ангийн уулзалтад цагаа зарцуулдаг нь харагджээ.
Судалгаанд оролцсон эмэгтэйчүүд өдрийн 24 цагийн 139 минутыг гэр бүлдээ, 90 минутыг үр хүүхдэдээ зарцуулдаг бол 33 минутыг өөртөө зарцуулдаг гэж хариулжээ. Бусад цагийг гэр бүл, үр хүүхэд, хань ижилдээ зориулж байна.