Г.Ёндон : Шатахууны нөөц бүрдүүлэхэд шаардлагатай мөнгөн хөрөнгийн дутагдал гарч ирж байгаа
Засгийн газрын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийг холбогдох албаныхан танилцуулж байна. Олон Улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй, гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстолоос сэргийлэх, нөлөөллөөс бууруулах тухай хуулийн төслийг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэж, өргөн барих нь зүйтэй гэж шийдсэн.
Тэгвэл шатахуун, газрын тосны бүтээгдэхүүний асуудалд УУХҮ-ийн сайд Г.Ёндон “АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна. Шатахууны нөөц хангалттай. Хуульд гол тусгагдсан нь шатахуун, газрын тосны бүтээгдэхүүн гэж байгаа. Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард авч байсан шатахууны үнээс өнөөдрийг хүртэл шатахууны үнэ их хэмжээгээр нэмэгдсэн. Тэгэхээр нөөц бүрдүүлэхэд шаардлагатай мөнгөн хөрөнгийн дутагдал гарч ирж байгаа.
Монголбанкны танилцуулга дээр ч эл асуудал орж ирсэн. ААН байгууллагуудын хувьд дөрөвдүгээр сарын захиалга хийж эхэлсэн. ОХУ-д шатахууны экспортыг зарим компани хийхгүй байгаагаас шатахууны илүүдэл, сав дүүрсэн асуудлууд байгаа тул Засгийн газар хэлцэл хийх замаар үнийг хямдруулах боломжийг эрэлхийлнэ. Хууль үйлчлэх хугацаа нь 2023 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал гэж тогтоосон. Гэхдээ нөхцөл байдлыг ажиглаж тухайн үед хугацааг тогтооно” гэв.