CNN: Хавайд гарсан түймрийн улмаас зургаан хүн амиа алджээ
Хавай муж улсын Том арал болон Мауи арал дээр дэгдсэн “урьд өмнө тохиолдож байгаагүй” их хэмжээний түймрийн улмаас зургаан хүн амиа алдсан тухай холбогдох албаныхан лхагва гарагт мэдэгдлээ.
Мауи арлын 9 мянган хүн амтай аялал жуулчлал, эдийн засгийн төв болох Лахайна хотын ихэнх хэсэг сүйдэж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүллээ гэж Хавай муж улсын Засаг дарга Жош Грин мэдээлсэн байна.
Оршин суугч Марк Стефл CNN-д өгсөн ярилцлагадаа зүрх шимшрүүлсэн сүйрлийн талаар яриад “Лахайна хот газрын хөрснөөс арчигдлаа” гэжээ.
Түймрийн шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа боловч хүчтэй салхи, хуурайшсан ой, чийгшил багатай орчинд түймэр ширүүссэн гэж Үндэсний цаг уурын алба үзэж байна.