Говь-Алтай аймгийн нутагт хүчтэй салхины улмаас өндөр хүчдэлийн гурван шон унаж, зургаан айлын гэр нуржээ

Өнөө шөнө Дорнодын хойд хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас орж цасаар шуурч, говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг Цаг уурын байгууллагаас онцгойлон анхаарууллаа.
Дөрөвдүгээр сарын 26-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр,  Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.

Бусад нутгаар 6-11 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 3-8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

Өнгөрсөн долоо хоногт Баян-Өлгий аймгийн нутгаар салхины дундаж хурд секундэд 18-20 метр, зарим үед секундэд 20-30 метр, Ховд аймгийн нутгийн хойд хэсгээр салхины дундаж хурд секундэд 18-25 метр, зарим үед секундэд 21-33 метр, Говь-Алтай аймгийн нутгаар салхины дундаж хурд секундэд 18-20 метр, зарим үед секундэд 21-30 метр, Архангай аймгийн нутгаар  салхины дундаж хурд секундэд 16-20 метр, зарим үед секундэд 22-24 метр, Төв аймгийн нутгийн баруун болон өмнөд хэсгээр салхины дундаж хурд секундэд 18-24 метр, зарим үед секундэд 24-40 метр хүрч, хүчтэй шороон шуурга шуурч, цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагджээ.

Өчигдөр хүчтэй салхины улмаас Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын өвсний агуулахын дээвэр, бага, дунд 2 сургуулийн дээвэр, 4 айлын гэр нурж, 6 айлын байшин, 1 цайны газар, 2 гарааш, нэг дэлгүүрийн дээвэр хууларчээ. Мөн сумын төвөөс баруун урд зүгт 72 км-т Бор булгийн Улсын нөөцийн цэгийн дээвэр хууларч, өндөр хүчдэлийн 3 шон унасан байна. Мөн Чандмань сумын Эрдэнэ-Уул багийн “Хулгар” гэдэг газар 19:00 цагийн үед 22-25 м/секунд хүртэл хүчтэй шороон шуурга шуурсны улмаас хоёр айлын гэр нурсан байна.

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Сэмжит байгийн Ур нарийн гэдэг газар хүчтэй шороон шуурга шуурсны улмаас 3 айлын гэр нуржээ.

Өнөөдөр өглөөний 08:00 цагийн Цаг уурын өртөө, харуулын цасны зузааны мэдээгээр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0-10 см зузаан цасан бүрхүүл тогтжээ. Үүнээс хамгийн их нь Булганы Хангал, Хэнтийн Дадалд 10 сантиметр Дорнодын Баяндунд 9 сантиметр, бусад хэсгээр 0-6 сантиметр зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Эх сурвалж: ЦУОШГ, ОБЕГ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *