Хүүхдийн тусламжийн “108”-ын талаар бид юу мэдэх ёстой вэ
Манай улсад 2005 онд хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээг “Найзын утас 1979” төлбөртэй дугаараар үзүүлж эхэлсэн. Тухайн үед нийгэмд буглаж байсан хүүхдийн хүчирхийлэл тэргүүтэй асуудлыг шийдвэрлэхээр 2006 онд Олон улсын Хүүхдийн Тусламжийн утасны сүлжээнд (Child Helpline International) элсэн орж, 2008 онд албан ёсны гишүүнчлэлийн статустай болж байв. Харин 2014 онд “108” дугаар болон шинэчлэгдэж, өмнөх туршлага, судалгаанд үндэслэн Монгол Улсын хэмжээнд хүүхэд тусламжийн үйлчилгээг найм дахь жилдээ үзүүлж байна.
Бидний гэрэлт ирээдүй болсон хүүхэд бүр үндсэн эрхийнхээ дагуу аюулгүй, тайван орчинд амьдрах ёстой. Гэвч энэ эрх өдөр ирэх тусам зөрчигдөж, хаалттай хаалганы цаана асуудал улам томорсоор байгаа нь нууц биш. Тиймээс бид тэдний санаа бодлыг сонсох, дуу хоолойг нь шийдвэр гаргах түвшинд хүргэх, хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулах, тэднийг хөгжүүлж оролцоог нь хангахад чиглэсэн үйлчилгээ үзүүлэхээр зорьж яваа. Энэ хүрээнд хүүхдийн эрх зөрчигдсөн тухай мэдээллийг 24 цагийн турш хүлээн авч, яаралтай тусламж үзүүлэх, мэргэжлийн байгууллагатай холбон зуучлах, хүүхдийн эрхийг хангахад чиглэсэн мэдээллийг хүргэхээр ажиллаж байна.
Мөн бид зөвхөн утасны дуудлагаар хязгаарлагдахаа больж өнгөрсөн оноос эхлэн мессеж, чатбоксын үйлчилгээг нэвтрүүлсэн билээ. Нэг талаас хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүд өөрсдөө асуудлаа бичгээр хуваалцах боломжтой болсон. Нөгөөтээгүүр, гэр бүлийн хүчирхийлэлд далд байдлаар өртөж байгаа буюу дуудлага хийхэд тохиромжгүй нөхцөл байдалд байгаа хүүхдүүд хандах боломж нээгдсэн гэсэн үг. Түүнчлэн эл шинэчлэлээр бид 2021 онд Азийн бүс нутагтаа хүүхэд тусламжийн утасны салбарт сайн төсөл, үйл ажиллагааны болсон гэдгийг онцлох нь зүйтэй. Мэдээлэл технологийн ололт, дэвшлийг ашиглан хүүхэд хамгааллын ажлыг ийнхүү нэг түвшин ахиулж, сайн туршлага, сайн хамтын ажиллагааны илэрхийлэл болж чадсан.
2. “108”-ЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Бид өдөрт дунджаар 350-400 дуудлага хүлээн авдаг. Нэгэн зэрэг дөрвөн шугам дээр дуудлага авч, мессеж болон чатбокс үйлчилгээг тус бүр нэг хүн хариуцан дөрвөн ээлжээр ажиллаж байна.
Хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага хүлээн авснаас хойш холбогдох мэргэжлийн байгууллагад холбон зуучлах нь бидний нэн тэргүүний ажил. Тухайн нөхцөл байдалд аюулын зэргийн үнэлгээ өгч яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай бол эмнэлэг болон цагдаагийн байгууллагад ханддаг гэсэн үг. Мэдээж тухайн хэрэг шийдэгдэж, хэрэг хаагдтал бид хариуцан ажиллаж буй байгууллагуудтай байнгын холбоотой байна.
3. “108”-ЫН АЖИЛЛАХ АРГА БАРИЛ?
Бидний ажилд итгэлцэл тун чухал. Асуудлаа ярьж болох юм байна гэдэгт итгэсэн цагтаа хүүхэд өөрт тулгамдаж буй хүндрэл бэрхшээлээ хуваалцдаг зантай. Энэ үед манай зөвлөгч операторууд хүүхдийн итгэлийг олох сорилттой тулгарч, тухайн хүүхэд мэдээлэл өгснөөр ямар эерэг үр дүнтэй, эсрэгээрээ мэдээлэл өгөхгүй байх нь яаж сөргөөр нөлөөлөх вэ гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Нэг талаас манай зөвлөгчид ямар ч нөхцөл байдалд уян хатан байж, хүүхдийн асуудлыг нээлттэй ярихад тусалж чадахуйц мэргэжлийн хүн байх шаардлагатай. Учир нь манайд энгийн зөвлөгөө мэдээлэл хүссэн дуудлагаас эхлээд байшингийн дээвэр дээрээс үсрэх гээд зогсож байгаа хүүхэд хүртэл холбогддог. Ийм л мэдрэмж, ур чадвар шаардсан ажил мэргэжил.
“108”-тай холбоотой тоон баримтууд
– 2020 оны судалгаагаар нийт дуудлагын 55 хувийг насан хүрэгсэд, 45 хувийг хүүхэд эзэлж байна.
– 2019 оноос эхлэн “Хэрсүү гурвалжин” ажлын хэсгийг байгуулав. Ус түгээгч, дэлгүүрийн худалдагч, хөршийн холбоо хяналтыг сайжруулах замаар гэр бүлийн хүчирхийллээс сэргийлж, хүүхэд хамгааллын чиглэлийн үйл ажиллагааг нэмэгдүүлсэн.
– Нэг жилд дунджаар 100-150 мянган дуудлага хүлээн авдаг.
– Оройн 22 цагаас шөнийн 02 цагийн хооронд гэр бүл хүчирхийллийн дуудлага эрс нэмэгддэг бөгөөд өдөрт ирж буй дуудлагын 40-60 орчим хувь нь хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага байдаг.
4. “108”-ЫН АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АЖЛЫН ХЭРЭГЛҮҮРҮҮД ЮУ ВЭ?
Нэн тэргүүнд ажлын гол “зэвсэг” болсон дуудлага хүлээн авдаг суурин утас бол ашиглахгүй байж үл чадах ажлын хэрэглүүр. Хоёрдугаарт, мэдээллийн сан бүрдүүлэгч дотоод сүлжээний програм. Гуравдугаарт, алхам тутамд, үйлдэл бүрд ашиглагддаг компьютер.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА НЬ ЮУ ВЭ?
Аливаа гэр бүл хүчирхийллийн дуудлага хүлээн авсны дараа 102 буюу цагдаагийн байгууллагад мэдээлнэ. Ингээд тухайн дуудлага өгсөн газарт хамгийн ойр байрлах буюу хорооны цагдаагийн хэлтэст мэдэгдэж, хурдан шуурхай ажиллаж чаддаг. Товчхондоо бидний хамтын ажиллагаа цаг хэмнэх хамгийн сайн арга юм.
Алсын хараа, зорилго, зорилтынхоо дагуу жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө боловсруулах нь мэдээж. Гэхдээ үүнээс гадна ямар ч нөхцөл байдалд бэлэн байхын тулд зөвлөгч оператор нэг бүрээ анхаарах нь чухал. Тэднийг хангалттай амрааж бие болоод сэтгэл зүйн хувьд ямар ч нөхцөл байдалд бэлэн байлгах нь бидний төлөвлөгөөний томоохон хэсгийг эзэлдэг.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Хамт олны дотоод уур амьсгал гэж хэлнэ. Нэг ээлжинд 24 цагийн турш бие биетэйгээ хамтран ажиллаж байгаа учраас гэр бүл шиг халуун дулаан уур амьсгал бий болох нь дамжиггүй. Энэ л харилцаанаасаа бид хамгийн их эрч хүч авдаг. Мөн “108” дугаарт дуудлага хүлээн авч, аливаа нийгмийн асуудал шийдэгдсэнээрээ бидэнд талархлын дуудлага ирэх нь олонтоо. Монгол Улсын өнцөг булан бүрд суугаа хүүхэд нэг бүрийн сонсогч байж, тэдний дуу хоолойг нийгэмд хүргэж байгаа нь бидэнд урам зориг өгч чаддаг.
“Монгол Улсад хүүхэд хамгааллын чиглэлээр хийгдэж буй хамгийн том брэндинг бол “108” утас.”
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн тэргүүтэй олон улсын байгууллага, дотоодын төрийн бус байгууллагууд, үүрэн телефоны операторуудтай нягт хамтран ажилладаг. Хүүхэдтэй холбоотой л гэвэл ямар ч ажилд бид туслахад бэлэн. Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг гэдэг утгаараа төрийн хүрч үйлчилж амжихгүй байгаа нийгмийн бүлэгт чиглэн үйл ажиллагаа явуулах бүх боломж, бололцоог эрэлхийлдэг.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Ямар ч нөхцөл байдалд дуудлага хүлээн авахаар 24 цаг ажилладаг маань бидний хамгийн том онцлог болов уу гэж бодож байна. Ажлынхаа эерэг сайн талыг дурдаад байвал дуусахгүй биз ээ. Ирээдүйн эзэд болсон хүүхэд багачуудынхаа эрүүл, аюулгүй орчин амьдрах эрхийг хамгаалахын төлөө ажиллаж байгаа шүү дээ.
Хэцүү бэрхшээлтэй тал гэвэл өмнө нь дурдсанчлан манайд энгийн зөвлөгөө мэдээлэл хүссэн дуудлагаас эхлээд байшингийн дээвэр дээрээс үсрэх гээд зогсож байгаа хүүхэд хүртэл холбогддог. Өөрөөр хэлбэл, олон янзын нөхцөл байдалд хүчирхийлүүлсэн, сэтгэл өвтгөм хэргүүдийн дуудлага ирдэг учраас зөвлөгч оператор өөрөө сэтгэл зүйн цочрол, хямралд орох эрсдэлтэй. Тэр бүрд олон жилийн туршлагатай ахлах сэтгэл зүйч бусдынхаа сэтгэл санааны эрүүл мэндэд санаа тавьж ажилладаг.
Жил бүрийн тавдугаар сарын 17-нд “Олон Улсын Хүүхдийн Тусламжийн Өдөр” тохиодог. Бид энэ өдрийг угтан мессеж болон чатбоксоор үйлчилгээ авах боломжтой болсныг олон нийтэд таниулахаар төлөвлөж байгаагийн зэрэгцээ энэ улиралд багтан гар утасны апп-ыг танилцуулахаар ажиллаж байна.
Мөн бид зөвхөн гэр бүлийн хүчирхийллийн дуудлага хүлээн авахаас гадна үнэ төлбөргүй сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ мэдээллийг 24 цагаар хүргэдэг гэдгийг энэ ташрамд онцлон хэлмээр байна. Зөвхөн асуудал тулгарсны дараа биш урьдчилан сэргийлэх зорилгоор бидэнтэй холбогдох бүрэн боломжтой.
11. “108” ХЭРХЭН ХӨГЖИЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Бид ямагт олон улсаас туршлага судлахыг эрмэлздэг. Жишээлбэл, Азийн орнуудаас Өмнөд Солонгос, Япон, Европоос Чех зэрэг улс хүүхэд хамгааллын үйлчилгээний тал дээр сайн туршлагыг бүтээгээд явж байна. Тэр бүрд олон улсын байгууллагын хамтын ажиллагаагаараа дамжуулан туршлага судлан, тэдгээрийг Монголынхоо хөрсөнд буулгахаар зорьж явна.
Мөн хүүхэд хамгааллын салбарт олон жил ажилласан мэргэжилтнүүдтэй санал бодлоо солилцож, хурал хэлэлцүүлэг зохион байгуулахаас эхлээд энэ салбарыг хэрхэн хөгжүүлж, үйлчилгээний хүртээмжээ яаж сайжруулах вэ гэдэгт анхаарсаар байна.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Реппер Big Gee-ийн “108”, Pacrap-ын “So many tears” дууг санал болгомоор байна.
Киноны тухайд 2013 онд нээлтээ хийж байсан Өмнөд Солонгосын “Hope” бүрэн хэмжээний киног хүн бүр үзээсэй гэж хүсэж байна. Уг бүтээлд бэлгийн хүчирхийллийн хохирогч болон тэрхүү аймшигт асуудлыг даван туулж буй гэр бүлийнхний тухай өгүүлдэг. Хүн бүрд нэгийг бодуулж, нэгнээ хайрлан хамгаалах сэдлийг өгнө гэдэгт итгэлтэй байна.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Зөвлөгөө гэхээс илүүтэй хүүхэд хамгааллын салбарт гарч буй сайн шийдвэрүүдийг онцлох нь зүйтэй байх. Юун түрүүнд ерөнхий боловсролын сургуулиуд сэтгэл зүйчтэй болсон нь тун сайшаалтай хэрэг. Хүүхдийн хүчирхийллийн хэрэг даамжирсаар байгаа шалтгаануудын нэг нь яах аргагүй хүүхэд асуудлынхаа талаар хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй байгаа явдал. Харин сургуулийн орчинд сэтгэлээ нээх, асуудлаа ярилцах боломжийг бүрдүүлж, сэтгэл зүйчтэй болсон нь үүнийг шийдвэрлэх замд хөтөлж буй хэрэг болсон гэж харж байгаа.
Мөн аль ч салбарын байгууллага хүүхэд хамгааллын бодлоготой болж нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тэдэнд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа нь эерэг үйл явдал болж байна. Энэ нь нэг талаасаа манай ажилд тусалж, биднийг дэмжиж байгаагийн тод жишээ.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Гэр бүл төлөвлөлтийн асуудлыг тун нухацтай авч үзэх цаг иржээ. Эцсийн дүнд хохирогч нь хүүхэд болж үлддэг учраас хайнга, хариуцлагагүй үйлдлээ болих хэрэгтэй. Энэ асуудлыг хумихын тулд ерөнхий боловсролын сургуульд тусгайлан “Гэр бүл төлөвлөлт”-ийн тухай хичээл зааж, эцэг эх байх нь хэчнээн чухал үүрэг хариуцлага вэ гэдгийг ухамсарлуулах нь чухал.
Эх сурвалж : UNREAD.TODAY.MN