|

“Бэрэн групп”-ийг үүсгэн байгуулагч Хөгжлийн Банкнаас авсан зээлийн мөнгөөр казино тоглосон байж болзошгүй асуудлыг шалгаж байна

Хөгжлийн Банкны зээлтэй холбоотой зарим албан тушаалтныг АТГ-аас шалгаж, хэрэг үүсгэсэн талаар мэдээлж байсан. Тэгвэл тус банкны чанаргүй зээлдэгчдийн нэг “Бэрэн  групп” компанийн үүсгэн байгуулагчийг Хөгжлийн Банкны зээлтэй холбоотойгоор АТГ хэрэг үүсгэж, цагдан хорьсон мэдээлэл байна.

Тодруулбал, тус группийн үүсгэн байгуулагч Хөгжлийн Банкнаас авсан зээлийн эх үүсвэрээр казино тоглосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсоныг албаны эх сурвалж баталгаажууллаа.

“Бэрэн групп” нь Хөгжлийн Банкнаас хоёр удаагийн зээл авсан байдаг. Үүнд:

  • Засгийн газрын 2013 оны 256 дугаар тогтоол, Монгол Улсын Хөгжлийн Банкны ТУЗ-ийн 2014 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 8 дугаар тогтоолын хүрээнд 22.7 сая хүртэлх ам.долларын зээлийг “Бэрэн групп” ХХК-д 45 сарын хугацаатай Арматурын үйлдвэр зориулан олгохоор шийдвэрлэсэн.
  • ТУЗ-ийн 2017 оны есдүгээр сарын 28-ны өдрийн хуралдааны 7 дугаар тэмдэглэлийн дагуу 18 сая хүртэлх ам.доллар зээлийг “Бэрэн групп” ХХК-д 36 сарын хугацаатай олгохоор шийдвэрлэсэн. Төслийн санхүүжилтэд зориулж 11.6 сая ам.долларын зээлийг олгосон бөгөөд зээлийн хяналтаар 2.6 сая ам.доллар орчим зээлийн зарцуулалт баталгаажаагүй тул үлдэгдэл санхүүжилт болох 6,347,773.51 ам.долларыг банк олгоогүй гэсэн түүхтэй байна. Уг зээлийн хугацаа 2020 оны аравдугаар сарын 23-ны өдөр дуусжээ.

“Бэрэн групп”-ийн 2014 онд авсан эхний зээлийн үр дүнг харвал төслийн гүйцэтгэл 85 хувьтай буюу арматурын үйлдвэрлэл бүрэн ашиглалтад ороогүй байна. Уг төслийг хэрэгжүүлэх хүрээнд 2015 онд тус компани нь “Эрдэнэс Монгол” ХХК-тай төр, хувийн хэвшлийн хамтарсан “Эрдэнэс Стийл” компанийг байгуулсан байдаг.

Гэвч төслийн гүйцэтгэл 85 хувьтай, ашиглалтад оруулахад дахин санхүүжилт шаардлагатай болсон тул зогсчхоод буй. Ган арматур гаргах тоног төхөөрөмж болох цувих төхөөрөмжийг оруулж ирээгүй. Энэхүү тоног төхөөрөмж орж ирвэл түүхий эд болох төмрийн хүдрээс, эцсийн бүтээгдэхүүн болох арматур үйлдвэрлэх бүх дамжлага тус компанид бүрдэх боломжтой аж.

Харин дараагийн зээлийн зориулалт нь “Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 7-р хорооллын 720 болон 120 айлын “Ё” блок орон сууцны хороолол” гэсэн зориулалтаар 11.6 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 33.2 тэрбум төгрөгийн зээлийг 2017 онд  авсан.

Тус төслийн V блок буюу 720 айлын орон сууцны зургаан барилгаас эхний гурван блокийн ажлын гүйцэтгэл дуусаж, Улсын комисст 2022 оны эхний улиралд багтаан хүлээлгэн өгөхөөр хүсэлтээ өгчээ. Харин үлдэж буй гурван блок барилгын каркасын ажил хоёрдугаар давхар хүртэл хийгдсэн, барилгуудыг бүрэн дуусгахад 16 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон байна.

Ийнхүү Хөгжлийн Банкнаас авсан зээлийг үр ашиггүй болгож, зориулалтын бусаар ашигласан зэрэгтэй холбоотойгоор “Бэрэн групп” компанийн үүсгэн байгуулагч Б.Мөнхтөрийг яллагдагчаар татан, цагдан хорьсон ба бүх дансыг битүүмжлээд байгаа аж.

Хүснэгт. “Бэрэн групп”-ийн зээлийн өрийн үлдэгдэл

 

 

Эндээс харвал 2022 оны тавдугаар сарын 5-ны байдлаар тус компанийн Хөгжлийн Банкан дахь зээлийн өрийн үлдэгдэл 176.6 тэрбум төгрөг байна. Банкны зүгээс зээлийн өр төлбөрийг барагдуулахаар 2022 оны нэгдүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргажээ. “Бэрэн групп” компани улсын комисс ажиллаж буй гурван блок барилгын борлуулалтаас 22 тэрбум, гарааш болон зоорийн давхрын борлуулалтаас 10 тэрбум буюу нийт 32 тэрбум төгрөгийг энэ ондоо төлнө гэдгээ мэдэгджээ.

Монгол Улсын Хөгжлийн Банк 2011 онд байгуулагдсанаас хойш 2022 оны нэгдүгээр сарын 20-ны байдлаар нийт активынх нь 55.6% нь “Чанаргүй” болсныг анх удаа олон нийтэд ил болгосон. Нийт 1.6 их наяд төгрөгийн чанаргүй зээлээс тавдугаар сарын 5-ны байдлаар 200 гаруй тэрбум төгрөг төлөгдөөд байгаа бөгөөд энэ онд багтаад 800 орчим тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байх шаардлагатай талаар Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдээлээд буй.

Учир нь 2023 оны аравдугаар сард “Сэргэн мандалт” бонд, арванхоёрдугаар сард нь “Самурай” бондыг төлөх ёстой. Хэрэв Хөгжлийн Банкны зээлдэгчид энэ хэмжээнд эргэн төлөлт хийхгүй бол Засгийн газрын баталгаа гаргасан “Самурай” бондын өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөхөөс аргагүй байдалд орох юм.Одоогоор 200 гаруй тэрбум төгрөгийн зээл төлөгдсөн ч мөн 200 гаруй тэрбум төгрөгийн өрийн үлдэгдэлтэй найман аж ахуйн нэгж л гэхэд огт зээлээ төлөхгүй явж байна.

Цар тахал болон дайны нөхцөл байдалтай холбоотойгоор тээврийн зардал 10 дахин өсөж, барилгын материалын үнэ тэнгэрт хадаад байгаа энэ үед стратегийн чухал ач холбогдол бүхий бүтээгдэхүүн болох арматурыг дотооддоо үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлсэн бол Монгол Улс үнийн өсөлтийн нэг том дарамтыг мэдрэхгүй даван туулах боломж байсныг ийнхүү алдсан нь харамсалтай.
Эх сурвалж : IKON.MN

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *