Ж.Батхуяг : Д.Эрдэнэбилэгийн шүүх санал ирснийг мэдэгдэлгүйгээр цагийн тулгаж хэлсэн
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгт холбогдох шүүх хуралдаан болсон. Улмаар түүнийг нэг сарын хугацаанд буюу тав дугаар сарын 21-ийг хүртэл цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Д.Эрдэнэбилэгтийн цагдан хоригдох хугацаа дуусахаас хоёр өдрийн өмнө буюу өчигдөр /2022.05.19/ Нийслэлийн Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” үндэслэлээр яллагдагч Д.Эрдэнэбилэгт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 30 хоногоор сунгах хүсэлт гаргажээ.
Энэ талаар хүний өмгөөлөгч Ж.Батхуяг хэвлэлд яриа өгчээ. Тэрээр, “Өчигдөр өглөө 10.00 цагийн үед шүүхээс холбогдож шүүгчийн туслах “Өнөөдөр 12.00 цагт цагдан хориог сунгах эсэх талаар хэлэлцүүлэг хийх гэж байна. Та ирэх үү” гэсэн. Тэгэхэд нь би “Коронавирусийн халдварын шинж тэмдэг илрээд буй учраас шинжилгээ өгөхөөр эмнэлэг явж байна. Шинжилгээний хариу сөрөг гарвал яваад очно. Эерэг гарвал онлайнаар оролцоно. Түр хойшлуулж өгөөч” гэж хүссэн. Шүүгчээсээ асууя гэж хэлээд удалгүй дахин холбогдож “Маргааш өглөө /өнөөдөр/ 08.30 цагт болж хойшлогдлоо” гэсэн юм. Тэгэхэд нь би “Өглөө 08.30 цагт шинжилгээний хариу гарах л байгаа даа. Гарвал шүүх хуралд оролцоно. Шинжилгээний хариу гарахгүй бол онлайнаар оролцоно” гэсэн юм. Учир нь цагдан хорионы хугацаа дуусаагүй байгаа.
Ингээд шинжилгээ өгөхөөр эмнэлэгтээ сууж байтал удалгүй эргэж залгаад “Хойшлогдохоо больсон. Өнөөдрийн 12.00 цагтаа хуралдахаар боллоо. Таны ирэх, ирэхгүй нь хамаагүй” гэсэн. Тэгэхээр нь би бичгээр хүсэлт өгсөн. Өөрөөр хэлбэл, хэлэлцүүлэг эхлэхээс өмнө цахимаар хүсэлтээ явуулж байна шүү дээ. Шүүхээс миний хүсэлтийг хүлээж авсан ч хүсэлтийн дагуу шийдвэрлээгүй. Тиймээс 12.00 цагт хурал болдгоороо болсон. Ингээд цагдан хорих хугацааг 30 хоног сунгах шийдвэрийг гаргасан. Үндэслэл нь хэргийн ээдрээ, төвөгтэй байдлаас болсон гэсэн.
Мөрдөгч, прокурорын ур чадвар хүрэхгүй бол ээдрээ, төвөгтэй асуудал болдог. Мөн хэргээ ойлгохгүй бол тухайн хүндээ ээдрээ, төвөгтэй асуудал болно. Гэтэл уг хэрэгт нэг их ээдрээтэй асуудал байгааг өмгөөлөгчдийн зүгээс олж харахгүй байна. Би хуралдаа оролцоогүй учраас шүүх хурлаар хэрхэн тайлбарласныг мэдэхгүй байна. Захирамжаа хүлээж авсан. Тэнд бол “ээдрээ, төвөгтэй байдал” гэж бичсэн байсан ч тодорхой шалтгаануудыг тайлбарлаагүй.
Би шинжилгээ өгөх гээд эмнэлэгт байсан. Мөн халуурч бие өвдсөнөөс гадна бэлтгэлгүй байсан. Жаахан хугацаа олгож “14.00 цагт бэлэн байгаарай” гэсэн бол би хувьдаа бэлтгэлээ хангах боломжтой байсан. Цагаа ядаж хойшлуулаад өгсөн бол болох байсан юм.
Мөн хоригдогчийг цахимаар оролцуулъя гэх хүсэлт гаргасан ч “Хоригдогч өөрөө хүсэлт гаргах ёстой. Тэр хүсэлт нь ирээгүй” гэх шалтгаанаар хүлээж аваагүй. Учир нь миний үйлчлүүлэгчийн биеийн байдал хүнд байгаа учраас шүүгч нарт нөхцөл байдлыг нь харуулахыг хүссэн юм.
Хэрвээ шүүх “Өнөөдөр прокуророос санал ирлээ. Та бүхэнд гаргах хүсэлт байна уу” гэсэн бол бид хурдан хүсэлтээ гаргаад хоригдож байгаа хүнээ цахимаар шүүх хуралд оролцуулна шүү дээ. Мөрдөгч прокурор аль хэдийн саналаа гаргаж өгсөн байсан. Гэтэл шүүх санал ирснийг мэдэгдэлгүйгээр 12.00 цагийн хурлыг 10.00 цагт буюу хоёр цагийн өмнө мэдэгдэж байгаа юм” гэжээ.