НҮБ-д шалгаран томилогдсон Монгол офицерууд
Өнөөдөр “Олон улсын энхийг сахиулагчийн өдөр” тохиож байна. Монголчууд тэр дундаа Монгол Улсын Зэвсэгт хүчнийхний нэгэн том баярын өдөр болон дархлагдаж байна. Учир нь Монгол Улсын Зэвсэгт хүчний анхны офицерууд 2002 оноос НҮБ-ын цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгэж эхэлсэн ба 2003 оноос цэргийн багийн бүрэлдэхүүнээр мөн штабын офицер, ахлагч, зөвлөх зэрэг албан тушаалд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд оролцож, үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр байна.
Энэхүү өнгөрсөн хорин жилийн хугацаанд 20 мянга гаруй цэргийн алба хаагч дэлхийн гурван тивийн 10 гаруй улсад үүргээ нэр төртэй гүйцэтгэсний үр дүнд НҮБ-д цэрэг хандивлагч дэлхийн 120 гаруй улсаас 24 дүгээрт эрэмбэлэгдэж байгаа нь ямар амжилттай явааг илтгэнэ.
Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид мотобуудлагын батальонд буудагчаас НҮБ-д албаны дарга хүртэлх албан тушаалыг хашиж байна гээд бод доо. Энэ бол өнгөрсөн 20 жилд монгол цэргүүд хэрхэн үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн, тэдний ур чадварыг үнэлж, удирдах албан тушаалд шалгаруулж авах болсон нь монголчуудын нэр хүндийн баталгаа юм.
Яг энэ цаг үед Монгол Улсаас энхийг сахиулах чиглэлээр НҮБ-д удирдах албан тушаал хашиж байгаа хоёр офицер нь хурандаа Н.Нямжаргал, хурандаа Д.Мягмаржав. Тэдний гүйцэтгэж байгаа ажил үүрэг нь Монгол Улсаар хязгаарлагдахгүй НҮБ-ын хэмжээнд явагдаж, орон орны цэнхэр дуулгатнуудыг сургаж бэлтгэх түвшинд хүрсэн гэж бодохоор дэндүү бахархмаар, баярлам үйл явдал юм. Хурандаа Н.Нямжаргалыг монголчууд анхны эмэгтэй энхийг сахиулагч гэдгээр нь андахгүй. Өнөөдрийн олон зуун энхийг сахиулагч бүсгүйчүүдийн үүрэг гүйцэтгэх шанг татаж, түүнээс хойш Монгол Улсын 872 эмэгтэй алба хаагч НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын ажиллагаанд үүрэг гүйцэтгэж, НҮБ-д цэрэг хандивлагч орнуудаас эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоор 17 дугаарт, Зүүн хойд Азид нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна. Түүний байгуулсан энэ гавьяаг өнгөрсөн баасан гаригт болсон эмэгтэй энхийг сахиулагчдын чуулга уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх баярын хурлын хүндэтгэлийн тайзнаа зарлан, талархал илэрхийлж байлаа.
Хурандаа Н.Нямжаргал өнөөдөр ч бас үргэлжлүүлэн түүх бүтээж байгаа нь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газрын Нэгдсэн сургалтын албанд гишүүн улсуудад дэмжлэг үзүүлэх багийн даргын албыг хашиж байна. Энэ алба нь энгийнээр тайлбарлахад, энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэрэг, цагдаа, энгийн алба хаагчдын сургалтыг хариуцдаг бөгөөд НҮБ-ын гишүүн 193 орон тэр дундаа цэрэг, цагдаа илгээгч 120 гаруй оронтой холбогдож ажилладаг хамгийн хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг Монгол бүсгүй гүйцэтгэж байна гэсэн үг. Өнөөдөр олон улсын нөхцөл байдал амаргүй байх тусмаа монгол офицеруудын гүйцэтгэх үүрэг, үүрэх хариуцлага ч өндөр байгаа нь дамжиггүй юм.
Харин хурандаа Д.Мягмаржавын хувьд 2019 оны төгсгөл үед НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газрын Цэргийн асуудал эрхэлсэн албаны Цэргийн ажиллагааны хэлтэст Энхийг сахиулах ажиллагаа хариуцсан офицерын албан тушаалд Монгол Улсаас тэнцэн ажиллаж эхэлсэн офицер. ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга, бригадын генерал Г.Болорын гүйцэтгэж байсан албыг үргэлжлүүлэн, Төв Африк Улсад явагдаж буй НҮБ-ын MINUSCA ажиллагааг хариуцан ажиллаж байв.
Хамгийн сонирхолтой нь тэрээр ажиллаад ердөө 10-хан сарын дараа НҮБ-д дөнгөж шинээр байгуулагдсан Цэргийн Үүрэг гүйцэтгэлтийн Үнэлгээний багт ахлах офицероор дэвшин томилогдсон нь монгол офицерын бэлтгэгдсэн байдал, ажиллагааны туршлага, үүрэг гүйцэтгэх чадавх, итгэл даах чадварыг НҮБ-ын энхийг сахиулах хариуцсан удирдлагууд анзаарч чадсанд байгаа юм. Цэргийн Үүрэг гүйцэтгэлтийн Үнэлгээний багийн гүйцэтгэх үндсэн үүрэг нь Цэргийн салбаруудын үүрэг гүйцэтгэлтийн стандартыг боловсруулах, Ажиллагаануудын штабаар дамжуулан нийт цэргийн хүчний үүрэг гүйцэтгэлтэд хяналт тавих, мэдээлэл цуглуулах, үнэлэлт дүгнэлт хийх, цэргийн хүчний шинээр бүрдүүлж буй цэргийн салбарууд болон үүрэг гүйцэтгэлтийн үнэлгээгээр хангалтгүй дүн үзүүлж буй цэргийн салбаруудад ажиллагааны өмнөх бэлтгэлийн үед үнэлгээ хийх, цэргийн хүчний үнэлгээ хийх бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх үндсэн үүрэгтэй. Харин хурандаа Д.Мягмаржав үнэлгээний стандартуудыг боловсруулах, цэргийн салбаруудад ажиллагааны өмнөх бэлтгэлийн үед үнэлгээ хийх төслүүдийг хариуцан ажиллаж байна.
Энэхүү шинээр байгуулагдсан баг нь цэрэг хандивлагч орон орны цэргийн багуудын үүрэг гүйцэтгэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бөгөөд хэрэв нэг улсын цэргийн баг алдаа гаргахад НҮБ-ын нэр хүндийн асуудал давхар яригдах учраас монгол офицерыг хариуцлагатай албандаа томилсон нь цаанаа асар том үнэлгээ, итгэл найдвар гэж харж байна.
Ийм л чадалтай офицерууд Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр хүндийг НҮБ-ын удирдлагын түвшинд таниулж байгаад талархахгүй байхын аргагүй. Хэрэв тэдний томилолтын хугацаа дуусаад эх орондоо ирэх үед энхийг дэмжих чиглэлийн сургалт, үнэлгээ хийх, чадавхаа нэмэгдүүлэхэд асар үнэтэй капитал болно гэдэгт нь итгэл дүүрэн байна. Энэ нь Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах үйлсийн оролцоогоо нэмэгдүүлэх, улам чадваржуулан бэхжүүлэхэд НҮБ-д шалгаран томилогдсон хоёр хурандаагийн олж авсан мэдлэг, ур чадвар, туршлага, сургамж юугаар ч үнэлшгүй капитал болно.
НҮБ-ын төв штабт эх орныхоо нэрийг гаргаж, монгол офицерын ур чадвар, сахилга хариуцлагыг өөрсдөөрөө үлгэрлэн харуулж яваа хурандаа Н.Нямжаргал, хурандаа Д.Мягмаржав нарт мянга мянган эрэлхэг зоригт энхийг сахиулагч дайчдынхаа нэрийн өмнөөс “Олон улсын энхийг сахиулагчийн өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье!
/Гэрэл зурагт хурандаа Н.Нямжаргал, хурандаа Д.Мягмаржав нар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Энхийн ажиллагааны газрын дарга, ноён Жан Пи Лакуагийн хамт. Тэрээр тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монгол офицеруудыг шагнасан юм/