Хуулиас гадуур “Энигма” ХХК Богдхан ууланд хэний татаасаар шургав
Нийслэлийн удирдлагууд иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газруудыг нэмэгдүүлэх, цаашлаад одоо буй газруудыг чөлөөлж, тэдгээрийг тохижуулах ажилд ихээхэн анхаарал хандуулсаар буй. Тиймдээ ч зөвшөөрлөөс гадуур үйл ажиллагаа явуулж буй 22 байршилд газар чөлөөлнө гэх. Үүнийхээ хүрээнд буюу Нийслэлийн Засаг даргын А/740 тоот захирамжийн дагуу Дархан цаазат Богдхан уулын орчим дахь байгууламжуудыг буулгаж эхэлсэн билээ.
Тухайлбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Ар Зайсангийн гудамжинд байрлах шавар гэрүүдийг албадан буулгаж, тэрхүү газартаа иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх эко орчинг бүрдүүлнэ гэдгийг мэдэгдсэн.
Богдхан уулын дархан цаазат газарт буюу Зайсангийн аманд байрлах амралтын газар бүхий шавар гэрүүд нь Б.Мөнхбатын нэр дээр байдаг. Тэрбээр “Энигма” ХХК-ийн захирал, МҮИС-ийг үүсгэн байгуулагчдын нэг билээ. Тэрбээр өдгөөгөөс 19 жилийн өмнө тухайн байршилд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна хэмээсэн ч хожмоо татвараас зайлсхийхдээ МҮИС-ийн оюутны хотхон барина хэмээн 20 орчим га талбай газрыг түр өмчлөөд байв. Ийнхүү хуулийн цоорхойг харин ч нэг овжиноор ашиглаж, таван жил тутам зөвшөөрлөө, газартайгаа сунгаж явсаар 41 га газрыг түр өмчлөх замаар царцааж, татварын 500 орчим сая төгрөгийн өрөнд унагав. Улмаар төр сөгдөх шахам гуйж гурван га газрыг эргүүлж аван зогсоол, ариун цэврийн байгууламжийг цогцоор шийдэж тохижуулсан нь саяхан.
Газрын маргааны асуудал хэдэн он дамнан хэлэлцэгдэж, Энигма ХХК-ийн захирал Л.Мөнхбат газрын асуудалдаа МҮИС-ийн оюутнуудаа татан оролцуулж, удаа дараа эсэргүүцлийн жагсаал цуглаан, шүүх цагдаа болсоор ийнхүү буулт хийсэн байдаг.
Угтаа улсын тусгай хэрэгцээний газар буюу дархан цаазат газрыг улс өөрөө зохицуулалт хийж, чөлөөлөх бүрэн эрхтэй. Гэтэл илтэд хууль бусаар газар эзэмшсэн, улсад олон сая төгрөгийн өртэй Энигма ХХК гэх компанид эрх мэдэлтнүүд удаа дараа давуу эрх олгож, давраасаар буй нь хэн нэгний ашиг сонирхол, эрх мэдэл үйлчилж байна гэлтэй.
Үүнд үе үеийн хотын удирдлагууд хамаарна. Харин Д.Сумъяабазар Л.Мөнхбатад хариуцлага тооцож, Дархан цаазат Богдхан уулын газрыг иргэддээ эгүүлэн авч өгнө гэсэн нь олон жилийн авлигын тогтолцоог тайлах горьдлого төрүүлнэ.
Эс бөгөөс өнөө л өнгөрсөн дарга нарын ашиг сонирхлоор хандаж, хуулийг уландаа гишгэгсдийг өөхшүүлсэн, цаашлаад татаас нь болох вий гэх хардлагыг төрүүлэх юм.
Б.БАЯРТ