Б.Батжаргал: Малчдыг халамж авах бүлэгт нэмэхгүйн тулд даатгалд хамруулах нь чухал
“Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” хамтарсан хөтөлбөрөөс малчдын эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэхэд анхаарч байна.
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн сангийн санхүүжилттэй тус хөтөлбөрийн хүрээнд ХНХЯ, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Маастрихтын их сургууль, Хараат бус судалгааны хүрээлэн хамтран “Малчдын эрүүл мэнд, нийгмийн даатгалын талаарх зан үйл” судалгааг 2020-2022 онд хийжээ.
Судалгааны хэлэлцүүлгийг нээж НҮБ-ын суурин зохицуулагч Татан Мишра хэлсэн үгэндээ, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхэд ОУХБ манлайлан ажилласанд талархал илэрхийлээд, төслийн хүрээнд Насан туршийн боловсролын хөтөлбөртэй хамтран нийгмийн даатгалын үр өгөөж, малчид энэ талаар мэдлэгийг нэгэндээ түгээхийн чухлыг тэмдэглэлээ.
Тэрбээр, “Малчид мэдээлэл муу, нийгмийн даатгалын тухай анхан шатны тодорхой ойлголтгүйгээс даатгалд хамрагдахгүй, шимтгэлээ тогтмол төлөхгүй байна. Үүнд малчдын орлого хүрэлцэхгүй, алслагдсан газар зүйн байршил зэрэг нь ч нөлөөлж байгаа. Монголчууд уламжлалын хувьд ирээдүйн үр өгөөж гэхээс илүү одоо болон ойрын асуудалд илүү ач холбогдол өгдөг нь малчдын нийгмийн даатгалд хандах хандлагад сөргөөр нөлөөлж байгаа”-г онцолсон юм.
Монгол улсын 21 аймгийн 330 суманд нийгмийн даатгалын байцаагч ажиллаад 28 жил болж байгаа. Энэ утгаараа манай улсын хувьд зөөлөн дэд бүтэц, хүний нөөцийн хувьд боломжийн байгаа ч 2021 оны байдлаар 49 мянган малчин нийгмийн даатгалд хамрагдсан нь хангалтгүй тоо гэдгийг ХНХЯ-ны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал хэлж байв.
Тэрбээр цааш нь ярихдаа, “Энэ байдлыг сайжруулахын тулд малчдын орлогод нийцүүлэн нийгмийн даатгалын гэрээг сараар бус жилээр байгуулахаар хууль өөрчлөлт оруулсан. Улсын хэмжээнд 4.2 сая гар утас хэрэглэж байна. Үүний 80 хувь нь ухаалаг утас ашигладаг судалгаа бий. Иймд шимтгэлээ цахимаар төлөх нөхцөл бүрдүүлсэн. ОУХБ-аас төслийн хүрээнд малчдын зан үйлийн судалгаа хийсэн нь талархууштай. ХНХЯ-наас мөн малчдын зан үйлийн судалгааг нийслэлд 3000 хүн хамруулж хийсэн. Энэ 2 судалгааны дүнг харьцуулах боломжтой боллоо. Цар тахлын улмаас сүүлийн 2 жил олон аж ахуйн нэгжийн орлого хумигдсан бол малчдын хувьд цаг агаар таатай байсан нь орлогын эх үүсвэрээ авч үлдэх нөхцөл бүрдсэн. Малчид эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдахгүй байснаараа тодорхой хугацааны дараа тогтолцооны гадна үлдэж, эдгээр малчин халамж авах бүлэгт нэмэгдэнэ. Энэ эрсдэлийг тооцож даатгалд хамруулах нь чухал” хэмээлээ.
Малчид мэдээлэл муу, нийгмийн даатгалын тогтолцооны тухай тодорхой ойлголтгүйгээс нийгмийн даатгалд хамрагдахгүй, шимтгэлээ тогтмол төлөхгүй, төлөхөө зогсоох эсвэл даатгалын тэтгэмжээ авах эрхтэй байсан ч нэхэмжлэхгүй байгааг төслийн ахлах судлаач Т.Элбэрэл судалгааны танилцуулга хийх үеэрээ тэмдэглэв.
“Малчдын эрүүл мэнд, нийгмийн даатгалын талаарх зан үйл” судалгаанд 21 аймгаас 8-ыг нь сонгон, 4000 малчныг хамруулжээ. Тэдний 55 хувь нь эрэгтэй, 45 хувь нь эмэгтэй, мөн 39 хувь нь 35-44 настай, 27 хувь нь 25-34 насных, 28 хувь нь 45-54 насны иргэд байв.
Таван оролцогч тутмын 4 нь гэрлэсэн хүмүүс аж. Ойролцоогоор 3 оролцогч тутмын 1 нь бүрэн бус дунд боловсролтой бол тэдний зөвхөн 8 хувь нь дээд боловсрол эзэмшжээ. Судалгаанд оролцогчдын тал хувь нь өрхийн 4-5 гишүүнтэй, 22 хувь нь 6 ба түүнээс дээш гишүүнтэй байлаа. Бараг бүх өрхөд (98 хувь) бүртгэлтэй малчин амьдардаг бол тэдний олонх нь (74 хувь) нэгээс олон малчинтай аж.
Дээрх малчдын 50 хувь нь 2 ба түүнээс дээш тооны сууц эзэмшдэг бөгөөд 69 хувь нь хөдөө, 22 хувь нь сумын төвд, 9 хувь нь аймгийн төвд амьдарч байна. Тэдний 86 хувь нь орон нутагт дор хаяж 1 сууцтай байсан бол 2 хувь нь нийслэлд өөрийн сууцтай гэжээ.
Малчдын өрхийн жилийн орлого дунджаар 15,278,807 төгрөг байгаа нь ҮСХ-ноос гаргасан өрхийн дундаж орлоготой ойролцоо юм. Оролцогчдын 81 хувь нь хүүхдийн мөнгө авдаг бол ердөө 14 хувь нь өндөр насны тэтгэвэр авч байна. Нийт өрхийн 64 хувь нь зээлтэй, дөнгөж 12 хувь нь хадгаламжтай гэж хариулжээ. Нэг өрх дунджаар 49 бод, 353 бог малтайгаас сүүлийн 12 сарын хугацаанд малынхаа 8 хувийг байгалийн гамшигт өвчин, хулгай, чоно, нохойд бариулж алджээ.
Дөрвөн мянган малчин 1,607,784 малтай бөгөөд малынх нь 12 хувийг бог, 88 хувийг бод эзэлж байна. Эдгээр малын 6 хувь нь аймгийн төвд, 18 хувь нь сумын төвд, 76 хувь нь хөдөөд байршиж байв.
Мал, малын гаралтай бүтээгдэхүүн нь өрхийн орлогын эх үүсвэр гэж хариулсан малчид малаа даатгуулах нь илүү, даатгуулсан хугацаа ч урт байв. Гурван малчин тутмын 1 нь (31 хувь) малаа байгалийн гамшиг, хулгай, халдварт өвчнөөс сэргийлэн даатгуулжээ. Малчдын 54 хувь нь малаа 4 жилээс доош хугацаагаар даатгуулсан байна.
Түүнчлэн, оролцогчдын 96 хувь нь эрүүл мэндийн байдлаа дундаж, түүнээс дээш гэж үнэлжээ. Тэдний гэр бүлд хөгжлийн бэрхшээлтэй хүний тоо харьцангуй бага ч тэдний нэлээд нь албан ёсоор бүртгүүлээгүйгээс төрөөс даатгалын тэтгэмж авах боломжгүй байна. Судалгаанд оролцогчдын 8 хувь нь байнгын хөгжлийн бэрхшээлтэй байсан бөгөөд тэдгээр иргэдийн 40 хувь нь бүртгэлгүй аж.
Эрүүл мэндийн даатгалд 3 малчин тутмын 2 нь (66 хувь) хамрагджээ. Малчдын хувьд, зайлшгүй даатгуулах шаардлагатай даатгал учраас (41 хувь), өөрийгөө болон гэр бүлээ өвдөх эрсдэлээс сэргийлэхийн тулд эрүүл мэндийн даатгалд хамрагдсан (36 хувь) гэжээ. Даатгалд хамрагдаагүй шалтгааныг тодруулахад эрүүл мэндийн даатгал ач холбогдолгүй, үнэтэй гэж хариулжээ. Судалгаанд хамрагдсан малчдын 39 хувь нь НДШ төлж байна. Үүний 29 хувь нь сайн дураар, 9 хувь нь албан журмаар хамрагджээ.
ҮСХ-ны мэдээгээр 2020 оны байдлаар 298,798 малчин байгаа нь манай улсын хүн амын 8.7 хувь юм. Залуу малчдын тоо 2010-2020 онд 28.9 мянгаар буюу 8.8 хувиар багасжээ. Хүн амын 19.9 хувь нь малчин өрхийн гишүүн бөгөөд ажиллах хүчний 24.1 хувь нь мал аж ахуйн салбарт бий. Иймд малчдын хувьд үр өгөөжтэй өндөр насны тэтгэвэр, хүртээмжтэй эрүүл мэндийн даатгалын тогтолцоо чухал юм. Нийгмийн даатгалын байцаагч сум бүрд ажилладаг ч малчдыг сургалт, мэдээллээр хангахад санхүү, хүний нөөц, тээврийн зардал хязгаарлагдмал талаар оролцогчид хэлэлцүүлгийн үеэр ярьж байлаа.
Хэлэлцүүлэгт ХНХЯ, ЭМЯ, НДЕГ, ЭМДЕГ, олон улс, нийгмийн түнш, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, ОУХБ-ын Ази, Номхон далайн Нийгмийн хамгааллын мэргэжилтэн Нуно Куна, Маастрихтын их сургуулийн нийгмийн хамгааллын судлаач эрдэмтэд оролцжээ.