“Коронавирусийн шинээр мутацид орсон аюултай хувилбар ирэх намраас дэгдэх эрсдэлтэй”

Улсын Их Хурлын Түр хорооны /Ковид-19/ хуралдаан өчигдөр болж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зөвлөмжийн талаарх мэдээлэл хийлээ.

Дэлхий дахинд бүртгэгдэж байгаа коронавируст халдварын тохиолдлын нийт  тоо буурсан хэдий ч Хойд Америкийн бүс нутагт 9 хувиар, Газар дундын тэнгисийн зүүн талын орнуудад 1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нас баралт дэлхийн хэмжээнд буурсан ч Номхон далайн баруун бүсийн орнуудад 18 хувиар Африкт 15 хувиар, Америк тивд 13 хувиар тус тус өссөн байна.

Дэлхий дээр өдөр бүр олон сая хүн халдвар авч байгаа ба байгалийн жамаараа вирус тасралтгүй мутацид орсоор байна. Энэхүү мутациас халдварлах чадвар, хүндрэл, нас баралт өндөртэй хувилбар гарч ирэх нь цаг хугацааны асуудал бөгөөд дийлэнх эрдэмтэд ийм хувилбар намар гарч ирнэ хэмээн тооцож байна.

Ирэх намраас 60 наснаас дээш хүн амаа КОВИД-19 халдварын эсрэг нэмэлт тунд хамруулах шийдвэрийг дэлхийн олон орон гаргаад байна.

Европын холбооны зүгээс гишүүн орнууддаа ирэх намрын давлагаанд зориулсан зөвлөмжийг 2022 оны  дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хүргүүлсэн. Зөвлөмжид вакцины нэмэлт тунг эрчимжүүлэх, тандалт өргөжүүлэх, цар тахлын дараа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлд хөрөнгө оруулалтаа нэмэх, иргэдийг зөв мэдээллээр хангах, эмийн хангамж нөөцийг нэмэгдүүлэх, шинэ эм, вакцины хөгжүүлэлтийг эрчимжүүлэх талаар тусгажээ.

Манай улсын хувьд бид дараагийн давлагаанд бэлтгэн хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа ба вакцины нэмэлт тунгийн судалгаа, вакцины нэмэлт тунг эрчимжүүлэх, эмийн нөөцийг бүрдүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг ханган чадавхаа улам сайжруулах ажлуудыг хийж байна гэлээ.

Т.ТҮШИГ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *