“Би даунтай ааваасаа огтхон ч ичдэггүй, харин бахархдаг гэдгийг минь хүн бүхэн мэдээсэй”
Филиппин бүсгүй Ричи Анн Кастело хүүхэд байхдаа сургуулийнхандаа дээрэлхүүлдэг байв. Учир нь түүний аав дауны синдромтой бөгөөд хүүхдүүд аавынх нь гаднах төрх, эв хавгүй хөдөлгөөн үйлдлээс нь болж охин Ричиг шоголдог байжээ.
Гэсэн бүсгүй хэзээ ч бусдаас өөр төрсөн аавыгаа буруутгаж, хайрлахаа больсонгүй. Харин ч өөрийг нь эрүүл саруул, боловсролтой сайн хүн болгож өсгөсөн аавынхаа 50 насны төрсөн өдрөөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан сэтгэлийн үгтэй захиаг нийтэлжээ. Энэхүү захиа зөвхөн түүний цахим хуудасны дагагч нарт бус дэлхийн дахинд хүрч, олон хүний сэтгэлийг уяраасан юм.
Ричи Анны аавдаа бичсэн захидал:
Хайрт аав минь,
Өнөөдөр бол таны 50 насны төрсөн өдөр. Би энэхүү захидлаараа танаараа ямар их бахархдаг гэдгээ бүхий л ертөнцөд зарлахыг хүссэн юм. Та бол гаднаа ч дотроо ч маш агуу сайхан хүн.
Ерөнхий боловсролын сургуульд явдаг байхад минь намайг бусдаас өөр аавтай хэмээн хүүхдүүд дээрэлхдэг байсан. Гэсэн ч би таныг хэзээ ч бусдаас өөр эсвэл дутуу хэмээн бодож байгаагүй юм шүү. Арай жаахан том болоод, хүүхдүүд яагаад намайг гадуурхдагийг мэдмэгцээ жаахан хулчийсан минь үнэн. Гэсэн ч одоо би танаас огтхон ч ичдэггүй, харин бахархдаг гэдгийг минь мэдээсэй.
Та бол миний мэдэх хамгийн зоригтой, хүчтэй хүн. Та бүхий л амьдралынхаа туршид дахиад жаахан ч гэсэн хугацааг надтай хамт өнгөрүүлэхийн төлөө олон удаа хүнд эмчилгээнд орж, мянга мянган тарилга тариулж, мэс засалд орсон. Гэсэн ч та ганц ч удаа гомдоллож байгаагүй.
Эцэс төгсгөлгүй мэт тэр олон эмчилгээнийхээ дараа ч инээмсэглээд ”Бурхан намайг харж байгаа учраас би айхгүй байна” хэмээн хэлдэг байсан. Та хэзээ ч эмчилгээнээсээ шантарч, айж байгаагүй.
Таныг өвдсөндөө уйлж байхыг чинь би нууцаар харчхаад хэдэн өдөр гутарч, гуниглаж явсан. Би тэр үед таны өмнөөс өвдчих юм сан гэж бодсон шүү. Та шүдгүй болсон ч дуртай хоолноосоо хэзээ ч татгалзаж байгаагүй. Тэнхрэхийн тулд байдаг бүх чадлаа шавхдаг агуу тэвчээртэй хүн.
Эзгүй, байнга очиж эргэж чаддаггүй охиноо уучлаарай. Наран шарлагын газар луу ойр ойрхон дагуулж явж чаддаггүй, дуртай баншийг чинь аваачаад өгч амждаггүйг минь уучлаарай. Гэсэн ч одооноос охин нь хичээнэ ээ.
Таныг амьдралаасаа нуух гэж оролдсоныг минь уучлаарай. Харин ч танаараа бахархах ёстой байтал. Би танаас үлгэр жишээ авдаг, би тандаа таны төсөөлж чадахаас ч илүү их хайртай.Хүн бүхэнд та ухаарал, инээмсэглэл бэлэглэдэг, тийм л гэгээлэг сайхан хүн. Заримдаа аашилж намайг өөрөөсөө түлхдэг ч би танд хязгааргүй хайртай хэвээрээ л үлдэнэ. Аав аа, төрсөн өдрийн мэнд. Үргэлж таны бяцxан охин хэвээр байх болно. Би танаас зоригтой, хүчтэй байхыг сурсан. Хайртай шүү.