“Lego” компани АНУ дахь тоглоомын үйлдвэртээ 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ
Өнгөрсөн лхагва гарагт (2022.06.15) “Lego” компани хүүхдүүдийн эрэлт хэрэгцээг бүрэн хангахын тулд АНУ дахь тоглоомын үйлдвэртээ 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ зарлажээ. АНУ-д тус компани 100 орчим дэлгүүрээ ажиллуулж, тэнд 2600 орчим хүн ажиллаж байгаа юм.
Нийт 160.000 м.кв талбайтай үйлдвэрийг 2025 оны хоёрдугаар хагаст ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд нэмээд 1760 гаруй хүнийг ажлын байраар хангах аж. “Lego” 2006 онд Коннектикут дахь жижиг үйлдвэрээ хаасан бөгөөд АНУ-ын зах зээлд одоогоор Мексикт үйлдвэрлэсэн тоглоомоо нийлүүлж байна. Тус компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Карстен Расмуссен “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа “Бид нарны энергийг, сэргээгдэх эрчим хүчийг ашиглана. Мөн тоглоомоо хийж байгаа материалаа өөрчлөн илүү байгальд ээлтэй байлгах тал дээр анхаарах болно” гэсэн байна.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ