ХЭРЭГ: “Кранд даруулсан гурван хүнээс хоёр нь нас барсан, нүд хальтрам харагдсан”

Хан-Уул дүүргийн 18-р хороонд баригдаж буй барилгын дээрээс кран унаж, тухайн газарт ажиллаж байсан 20 болон 36 настай хоёр хүн амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр /2022.06.22/ гарсан. Хэргийн тухай цагдаагийн байгууллагаас:

“ХУД-ийн 18-р хороонд баригдаж байгаа байгууламж дээр ажиллаж байсан сунадаг автокран унасан хэргийн дуудлага цагдаагийн байгууллагын 102 утсанд 12.52 цагт ирсэн. Бидэнд ирсэн мэдээллээр тус барилга дээр ажиллаж байсан 36 настай эрэгтэй Х, 20 настай эрэгтэй Б нар нас барсан бөгөөд хэргийг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна” гэсэн юм. 
“ОСЛЫГ ХАРСАН ИРГЭН: КРАНД ДАРУУЛСАН ИРГЭД ГАЗАР ДЭЭРЭЭ НАС БАРСАН, ЯСНУУД НЬ ХУГАРСАН НҮД ХАЛЬТРАМ БОЛСОН БАЙСАН-
Ослын газарт байсан эх сурвалжаас тодруулахад “Барилгын кран унахад гурван хүн байсан. Нэг нь хүнд гэмтэж, хоёр иргэн газар дээрээ нас барсан. Кранд дарагдсан хоёр иргэн эмнэлгийн тусламж авахаас хэдийн оройтсон, харахаас нүд хальтрам болсон байсан. Яснууд хугарч, тэр энэ нь гээд хэлэхэд ч хэцүү байсан. Тухайн үед их цочролд орсон учраас хамгаалалтын хэрэгсэл зүүсэн эсэхийг мэдэхгүй юм. 20 настай хүү сургуулиа төгсөөд л ажиллаж эхэлсэн. Сар орчим ажиллаад амиа алдсан. Харин 36 настай залуу ажиллаад удсан байх” гэв.
Харин талийгаачийн ар гэрээс тодруулахад: “Хэвлэлд мэдээлэл өгөхгүй. Эрүүл саруул хүүгээ алдсандаа маш их харамсаж байна. Бид бүгд шокын байдалтай байна” гэв.
НОМИН РЕАЛТОР ХХК: ОСОЛ БОЛСОН БАРИЛГА МАНАЙХ БИШ
Осол болсон уг барилга нь “Номин реалтор ХХК”-ийн эзэмшлийн газар.  Анх орон сууц, худалдаа, үйлчилгээний зориулалтаар барилгын ажил явагдаж байжээ. Улмаар Нийслэлийн Засаг дарга асан С.Амарсайхан 2020.03.27-ны өдрийн А/433 тоот захирамжаар уг газрыг “Номин реалтор ХХК”-д олгож байсан аж. Осол гарсан барилгын захиалагч “Номин реалтор” компани нь “Номин холдинг” ХХК-ийн салбар байгууллага байна.  “Номин реалтор ХХК”-ээс уг асуудлаар тодруулахад: “Манай барилга дээр осол гараагүй, бид мэдэхгүй” гэх хариултыг өгөв.
Тухайн ослыг хаанаас, хэн ч харсан хөдөлмөрийн аюулгүй байдал мөрдөж ажиллаагүйгээс болсон нь тодорхой байна. Осол болсон өдөр СХД-т ч мөн хүчтэй салхины улмаас 32 тоннын кран унасан осол болсон. Золоор хүний амь эрстээгүй юм. Гэвч энэ мэт барилгын компаниудын хариуцлагагүй байдлыг ажлаа хийж явсан залуус амиараа төлж буй нь эмгэнэл.
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧИХ /ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИАС/

1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-д “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ. Энэ талаар “Зөрчлийн тухай” хуулийн 10.15 дугаар зүйлд:

1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зөрчиж:

1.1.Сахин хангуулах үүргээ биелүүлээгүй;

    1.2.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм, журам хангаж ажиллаагүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг нуун дарагдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барих, машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх, ашиглалтад өгөх, зуух, даралтат сав, шугам хоолой, өргөх зөөх механизмд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаж ажиллаагүй бол хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтны хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг буруу тогтоосон бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Ажилтныг эрүүл мэндийн урьдчилсан ба хугацаат үзлэгт оруулаагүй бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж хуульчилжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *