| |

Б.Нандин-Эрдэнэ: Энэ удаагийн ҮХНӨ хүний эрхийг хамгаалахад чиглэсэн

“Үндсэн хууль гэж юу вэ” гэх асуултад хариулах олон талын өнцөг, олон төрлийн тодорхойлолт бий. Үндсэн хууль бол угтаа төрийн эрх мэдлийн төвлөрлийг задалж, эрх мэдлийн харилцан хяналт тэнцлийг бий болгох замаар хүний эрхийг хамгаалах улс төр, эрх зүйн гол арга хэрэгсэл болдог. Энэ ч учраас Үндсэн хуулийн үнэт зүйлс, нийтлэг зарчмуудыг тогтоож туурга тусгаар улс орон, засаг төрийнхөө зорилго тэмүүлэл, алсын хараа, төрийн байгууламж, засаглалын хэлбэр, эрх зүйт ёс, хүний эрх, эрх чөлөөг хүн төрөлхтний үндсэн хуульт ёсны хөгжлийн түвшинд хүргэж нийгмийн бүлэг, давхаргын зөвшилцлийн үндсэн дээр тогтоодог хууль эрх зүйн дээд эх сурвалж юм. Үндсэн хуулийг 1924 онд баталснаас хойш таван удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.

Сүүлийн өдрүүдэд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал яригдаж буйтай холбогдуулан Улс төр судлалын доктор Б.Нандин-Эрдэнээс байр суурийг тодрууллаа.

  -ЭНЭ УДААГИЙН ҮХНӨ-ӨӨР ЦАР ТАХЛААС ҮҮДЭЛТЭЙ ХЯМРАЛЫГ ДАВААД ГАРАХ БОЛОМЖТОЙ-

-Өнөөдрийн Үндсэн хууль 2019 оны 11 дүгээр сарын 26-нд нэмэлт, өөрчлөлт оруулж батлагдсан. Харин уг хуулийг энэ жил дахин шинэчлэн өөрчлөх талаар хэлэлцэх боллоо. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, шинэчлэлт хийх нь ямар ач холбогдолтой вэ? Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт шаардлагатай юу?

-Үндсэн хууль бүх зүйлийг зохицуулдаг “органик” хууль биш. Харин иргэн төр хоёрын хоорондын харилцааг зохицуулах үүрэгтэй “том малгай” хууль юм. Үндсэн хуульд ойр ойрхон нэмэлт өөрчлөлт оруулж түүгээр оролдох нь улс төрийн итгэлцэл, эрх барьж буй нам, эвсэлд иргэдийн итгэл буурах хандлагатай байдаг.

Өмнөх 2019 онд хийсэн нэмэлт өөрчлөлтөөр гүйцэтгэх засаглал руу, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн чиглэлтэй байсан бол энэ удаагийн ҮХНӨ өмнөхөөсөө ялгарах онцлогтой. Тэр нь юу вэ гэвэл сүүлийн гурван жилийн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн бидний өдөр тутмын амьдралаас эхлээд улс төрийн шийдвэр гаргах түвшинд хүртэл нөлөөлөх том өөрчлөлтүүд бий болсон. Тиймээс бид “New normal” буюу хэвийн байдалдаа буцаад шилжихдээ анхаарах цаг нь болсон. Бид энэ хямралыг хараад суух биш даваад гарах бодлого, хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тийм ч учраас энэ удаагийн ҮНХӨ илүү хүний эрхийг хамгаалсан, парламентын чадавхыг нэмэгдүүлсэн өөрчлөлтүүдийг хийх болсон гэдгээрээ онцлогтой гэж харж байна.

                           -САЙНЫ ХАЖУУГААР СААР ЗҮЙЛ ГАРНА, ЭНЭ ГАРЦААГҮЙ ҮНЭН-

-Энэ удаагийн ҮХНӨ өмнөх нэмэлт өөрчлөлтөөс ялгарах онцлогтой гэж байна. Тэгвэл өмнөх нэмэлт өөрчлөлтөөс давуу тал нь юу вэ? 

Давуу талыг дурьдвал маш олон бий. Үүнд:

  • Энэ удаагийн ҮХНӨ илүү хүний эрхийг хамгаалахад чиглэсэн
  • УИХ-ын мандатын тоог нэмснээр хэт төвлөрсөн эрх мэдлийг бууруулах боломжтой
  • Дээр дурьдсанчлан мандатын тоог нэмж өгснөөр Үндэсний аюулгүй байдлын бодлогод ч эерэг нөлөөтэй
  • Сонгуулийн холимог тогтолцоог сонгож байгаа учраас сонгогчдын өгсөн санал гээгдэхгүй байх боломж бүрдэнэ
  • Хамгийн чухал нь олон нам өрсөлдөх, суудал авах боломж бий болно. Ингэснээр намууд бодлого, хөгжлийн хөтөлбөрөөрөө өрсөлдөх цаашлаад чанартай хүний нөөцөөр өрсөлдөнө
  • Сөрөг хүчин бодит утгаараа ажиллаж, шүүмжлэх засаж сайжруулах боломж бүрдэнэ гэх мэт давуу талууд байна гэж харж байна.

Гэтэл эдгээр боломжуудын цаана бас сөрөг тал бий. Сайн муу хосолж байдаг хойно. Сөрөг тал бий энэ бол гарцаагүй ҮНЭН. Энэ удаагийн ҮХНӨ хийснээр УИХ-ын гишүүдийн мандатын тоо нэмэгдэнэ.

Үүнийгээ дагаад хувьсах болон урсах зардал мөн нэмэгдэнэ. Иргэдийн дунд ч зөвхөн ийм ойлголт байгаад байгаа. ҮХНӨ хийснээр УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэнэ. Улам их зардал гарна гэж шууд өнгөц бодоод эсэргүүцэх хандлага ажиглагдсан. Гэхдээ гишүүдийн мандатын тоог нэмснээр бид төвлөрсөн, нэг намын эрх мэдлийг бусад нам, эвсэлд хувааж тэгш боломж олгоно.

Мандатын тоог нэмэх ямар хэрэгтэйг сайн судлах хэрэгтэй. УИХ-ын гишүүн бол ард түмний дуу хоолой, төлөөлөл болсон элч учраас иргэдэд хангалттай хүрэлцээтэй, ойр ажиллах ёстой. Одоо байгаа УИХ-ын гишүүд тийм ч чамлахаар цөөхөн, хангалтгүй бүрэлдэхүүн биш. Гэхдээ мандатын тоо нэмэгдсэнээр давуу талууд олон бий. Нэг хүнд хэт их эрх мэдэл төвлөрөх нь алсдаа аюултай.

-УИХ-ЫН ГИШҮҮДИЙН МАНДАТЫН ТООГ НЭМСНЭЭР ШИНЭ ЗАЛУУ БОЛОВСОН ХҮЧИНГ БҮРДҮҮЛНЭ-

-Та үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байгаа юу? Яагаад?

-Би Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байгаа. Учир нь сонгуулийн холимог тогтолцоо манай улс төрийн тогтолцоонд эерэг нөлөөтэй. Хамгийн гол нь УИХ-ын гишүүдийн мандатын тоо нэмэгдсэнээр чадварлаг залуу боловсон хүчин бүрдэнэ. Мөн одоогийн улс төрд цөөнхи болоод байгаа эмэгтэй гишүүдэд ч суудлынхаа тоог нэмэх жендерийн тэгш боломжийг олгож байгаа.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

Ж.ХАЛИУН

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *