Төрийн байгууллагууд олон улсын жишигт хүрсэн менежментийн тогтолцоог хэрэгжүүлж эхэллээ
Өнөөдөр дэлхийд өндөр хөгжилтэй улс орнуудын хөгжлийн суурь нь төрийн болон хувийн хэвшлүүд нь зөв менежментийн тогтолцоог бий болгож байна.
Засгийн газраас баталсан “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлого, Төрийн албаны тухай хуулийн хүрээнд төрийн байгууллагуудад менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх нь улс орны тогтвортой хөгжлийг дэмжих, төрийн албан хаагчдын хүнд суртлыг багасгах, ажлын уялдаа холбоог сайжруулах, төрийн байгууллагад итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх болон үйл ажиллагааг нь оновчтой, цэгцтэй, түргэн шуурхай, чанартай, иргэдийн сэтгэл ханамжид хүргэх шаардлагуудтай нягт уялдаж байгаа юм.
Иймээс төрийн байгууллагуудын үйл ажиллагааг олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015, Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001 стандартыг орон нутгийн засаг захиргаанд хэрэглэх арга зүйн заавар ISO 18091:2019 стандартуудад нийцүүлэх ажлыг нутгийн захиргааны байгууллагуудад үе шаттайгаар хэрэгжүүлж байгаагаас манлайлагч байгууллагууд болох Сонгинохайрхайн дүүргийн ЗДТГ, Архангай аймгийн ЗДТГ-ын хамт олон батламж гэрчилгээгээ гардан авч байна.
Эдгээр байгууллагуудад менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээг “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ гүйцэтгэж хөндлөнгийн баталгаажуулалтыг Олон улсын Итгэмжлэл бүхий Турк улсын “Sisbel” баталгаажуулалтын байгууллагын албан ёсны төлөөлөгч болох “Глобал Куалити” ХХК хийж гүйцэтгэжээ.
Чанарын менежментийн тогтолцоог бий болгосноор төрийн албаны үйл ажиллагаа, төрийн үйлчилгээг энгийн ойлгомжтой, тодорхой, шуурхай байх нөхцөл бүрдэх, төрийн үйл ажиллагааны процессууд хоорондоо харилцан уялдаатай, нэгдсэн тогтолцоотой болох, хүн төвтэй тогтолцоо процесс төвтэй болох, иргэдийн одоогийн болон ирээдүйн хэрэгцээ шаардлагыг ойлгож, түүнд төрийн үйлчилгээг нийцүүлэх, төрийн байгууллагын удирдлагын түвшний манлайллыг сайжруулж, бүх шатны ажилтнуудын оролцоог идэвхжүүлэх, үнэн зөв баримт мэдээлэлд тулгуурлан зөв шийдвэр гаргах зэрэг давуу талууд бий болно.
“Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ нь Менежментийн тогтолцооны стандартын сургалт, зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд төрийн байгууллагуудад зөвлөх үйлчилгээ үзүүлж буй мэргэшсэн байгууллага юм.
“Глобал Куалити” ХХК нь төрийн байгууллагуудын баталгаажуулалтаар мэргэшсэн, чадамжтай, туршлагатай аудиторуудын багийг бүрдүүлсэн хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллага юм байна.