Б.Батцэцэг: ОХУ-тай хамтран ажиллах сонирхол манайд бий
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров манай улсад айлчлал хийж буй. Түүнтэй хийсэн хэлэлцээрийн тухай Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ийн хэлэв.
Тэрбээр “Манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг Москва, Улаанбаатар хотод тэмдэглэн өнгөрүүлж, энэ жил харилцааны хувьд нэгэн шинэ зууныг эхлүүлээд байна. Манай хоёр улс цар тахлын хүнд байдлыг хамтдаа даван туулж хариуцлагаа идэвхижүүлж байгаад баяртай байна. С.Лавров сайдтай өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалаар тохиролцсон ажлуудын хэрэгжилтийг ярилцаж, дүгнэж, цаашдын хамтын ажиллагаа, томоохон төслүүдийн талаар санал солилцлоо. Түүнчлэн шийдлээ хүлээж буй олон жил яригдаж байгаа зарим асуудлын талаар ярилцаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлвийг тодорхойллоо. Монгол, Оросын харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхлоо хоёр тал тохиролцсон. Энэ хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тэнцвэржүүлэх, хамтарсан төслүүдийн явцыг урагшлуулах, хоёр талын байгуулсан баримт бичгийн хэрэгжилтэд анхаарах талд санал нийлж ярилцлаа. Хоёр улсын бизнес эрхлэгчид идэвхтэй хамтран ажиллаж байгааг хэлэхэд таатай байна. Нэн ялангуяа Алтанбулаг, Цагаанбоомтын нуур чөлөөт бүсүүдэд ОХУ-аас хөрөнгө оруулах, хамтарсан үйлдвэр байгуулах, тээвэр логистикийн төвүүдийг бий болгоход ОХУ-тай хамтран ажиллах сонирхол манайд бий” гэлээ.