Монголчууд шарын шашин шүтээд дордсон уу

Өнөөдөр Далай ламын мэндэлсэн өдөр. Тэрээр өдгөө 87 насыг зооглож буй. Яагаад ч юм монголчууд бид Азийн бусад  орон, тэр дундаа Төвөдтэй адилхан уламжлалт цаг тооны бичиг хэрэглэдэг ч Дээрхийн гэгээнтэнг 1935 оны модон гахай жилд төрсөн гэж тэр бүр ярьдаггүй.

Сонирхолтой шүү. Бас түүнийг веган гэж нэг хэсэг шуурч байгаад дараа нь мах иддэг болохыг мэдээд гайхацгаасан. Үнэн хэрэгтээ тэрээр илүү ухаалаг хоолны дэглэмтэй буюу бие организм нь юу хүсэж байгааг анзаарч махан хоолыг зарим  тохиолдолд иддэг. Гэхдээ түүнийг Монгол цэрэг эрсийн сүлд хийморийг доройтуулсан залгамжлалын үргэлжлэл гэж харах хүн олонтаа.

Гэхдээ Шарын шашин шашин шүтээд монголчууд шал дордсон хэрэг үү.


Өнөөдөр технологийн манлайд яваа Америк энэ манлайллаараа бусад улсуудын иргэдийг америкчууд мундаг гэж хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд хүргэдэг. Наанадаж бидний өдөр тутамдаа ашиглаж байгаа интернэтийг тэд л эзэмшиж, тэд л хөгжүүлж байна. Харин Төвөдөд шарын, улааны урсгалууд ид хөгжиж байх XIV зууны үед Монголын нэр хүнд Еврази даяар тархсан, оргил үеэ үзчихээд байсан. Тиймээс Төвөдийн шашныхан Монголыг их гүрэн гэж харж, тэднээс л аврал олдоно, хөгжил ирнэ гэж харж байсан. Шарын шашныг үндэслэгч, Монгол гаралтай Зонхов (1357-1419) гэхэд шашнаа өөрийн улсын нийгэм, эдийн засагт тохируулан Төвөдийн шашныг шинэтгэж байжээ. Өөрөөр хэлбэл хүчирхэг улсыг түшиж улсдаа  байр сууриа хадгалах, гадаад улсаас эдийн засгийн дэмжлэг авах зорилготой байв. Харин эсрэгээрээ монголчууд  Төвөдийн шашныг ашиглаж бусад монголчуудынхаа дээр гарахыг оролдож байлаа. Тэгээд ч хэсэгхэн хугацаанд чадсан. Гэхдээ уналт бол нүүдэлчдийн төрт улсын хувьд байдаг л зүйл.

Монголын эзэнт гүрний уналт доройтол Чингис хаан хөвүүддээ газар нутаг оноож бутаргасан, эсвэл Юань гүрнийг Хубилай байгуулснаас үүдэлтэй гэцгээдэг. Гэтэл бидний энэ газар орон дээр байгуулагдсан төрт улсууд тийм ч удаан оршин тогтнож байгаагүй. Хамгийн удаан оршин тогтносон Хүннү гэхэд л 360 гаруй жил оршин тогтноод өөр монгол өвгийн нүүдэлчдэд эзлэгдсэн бол Уйгарын хаант улс гэхэд  100 хүрэхгүй жил оршин тогтноод нүүдэллэсэн.

Харин Их Монгол Улс 160 гаруй жил Азиас Европ, Ойрх Дорнод хүртэлх уудам газар нутгийг нэг дэгд оруулан амар амгалан байлгахын тулд монгол удмынхан захирч байв. Удалгүй өнөөх нүүдэлчдийн уналт явагдаад Хүннүтэй ижилхэн гэдэгч юм уу, өөр нэгэн нүүдэлчид энэ нутгийг захиран сууж чадсангүй. Харин Монгол гэдэг нэрэн дор 816 жилийн ойгоо тэмдэглэх гээд бид шинэ эринд сууж байна. Гэтэл энэ урт хугацаанд Америк, Австрали тивүүд нээгдэж, тэнд оршин сууж байсан үндэстнүүдийг өөр тивээс ирсэн хүмүүс устган газар нутагт нь эзэн сууж, өөрсдийгөө шинэ үндэстэн гээд тунхаглаж байхад бид огт ажирсангүй.

Гэтэл Шарын шашин монголчуудын сүлд хийморийг доройтуулсан гэх нь хэтэрхий өрөөсгөл хэрэг биш үү.


Шашин бол өөрийн гэсэн арга барилаар хөгжсөөр ирсэн. Одоо бол судлагдахуун. Тиймдээ ч аль ч улс орны их сургуулиудад Шашин судлаач гэсэн мэргэжил байдаг. Судлаач учраас хөндлөнгийн ажиглалт л хийнэ. Тэгэхээр бидэнд ийм ажиглалтын нүд дутдаг учраас Шарын шашинд хамаг муу муухайг өгөөд, улс орны хөгжлийн гацаа гэж ойлгоод байх шиг. Гэтэл Европод XIX зуунд хувьслын онол гарахад 5000 жилийн өмнө дэлхий үүссэн гэж шашиндаа итгэсэн нийт олонх ойлгохгүй л байсан. Гэсэн ч нийт олонхын харанхуй бүдүүлгийг үл хайхран зохион бүтээгч, шинийг санаачлагчид өнөөгийн хөгжлийн эхлэл болсон шинжлэх ухаан, техник технологийг хурдацтай хөгжүүлж байсан.

Ингэхээр улс орны хөгжил бол нийт олонхоос үл хамаарах хувь хүний эр зориг, шинийг санаачилж, түүнийгээ гар хумхилгүй бүтээх явдал гэж харагдана.


Нийтлэлийн эхэнд бичсэнчлэн Дээрхийн гэгээнтэн яагаад махан хоол идэх болсон шалтгаан бол шинжлэх ухааны хандлага. Түүний бие организмд ургамлын гаралтай уургаас илүү амьтны махан уураг хэрэгтэй байгааг эмч зөвлөсөн. Өөрөөр хэлбэл Шарын шашинд орсноор Монгол Улсын, монголчуудын хувь заяа дордоогүй, харин өнгөрсөн үедээ хэт баригдах нь бидний хөгжих боломжийг хаагаад байна. Миний бие махбод өнгөрсөн зуунд харьяалагддаг хэдий ч оюун ухааны хувьд энэ зуунтай хөл нийлүүлэхийг эрмэлздэггэж өнгөрсөнд хэт анхаарахын оронд одоо, ирээдүйд хандаж, шинэ сэтгэлгээг дэмжсэн XIV Далай ламын үгээр төгсгөе.

Э.МИШЭЭЛ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *