СУРВАЛЖИЛГА: Хүнсний захуудад төмс ховордож, сүлжээ дэлгүүрүүд нэг кг төмсийг 4000-6000 төгрөгөөр худалдаалж байна
Зун болоход ногооны ханш жил бүр нэмэгддэг. Гэхдээ энэ жилийн хувьд бензин, шатахууны үнийн хөөрөгдөлттэй холбоотой ногооны үнэ өмнөх жилүүдээс эрс өсөөд буй. Энэ талаар сурвалжлахаар томоохон сүлжээ дэлгүүрүүд болон Баянзүрх захаар орлоо.
-МИНИЙ ДЭЛГҮҮРИЙН ЖУКОВ САЛБАРТ ЛУУВАН КГ НЬ 3950, ТӨМС 3990 ТӨГРӨГ БАЙНА-
Бид эхлээд Зүүн дөрвөн замд байрлах “Номин” сүлжээ дэлгүүрээр орсон юм. Харамсалтай нь хоосон лангуу угтлаа. Худалдагчаас ногоо хэзээ ирэх талаар асуувал мэдээлэлгүй байгаагаа хэлж төмсний үнээ тохирч чадахгүй асуудал гарсан гэв. Ингээд цааш “Миний дэлгүүр”-ийн Жуков салбарт очлоо. Лангуу дүүрэн боловч удсан ногоонууд харагдана. Өргөн хэрэглээний ногооны үнийн хувьд:
- Лууван 3950 төгрөг,
- Шар манжин 1700 төгрөг,
- Бөөрөнхий сонгино 3700 төгрөг,
- Байцай 4490 төгрөг,
- Ховдын шар төмс 3990 төгрөгийн ханштай байв.
-БАЯНЗҮРХ ЗАХАД ТӨМС КГ НЬ 4500, ХАГАС КГ ЛУУВАН 3500 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА-
Харин Бөхийн өргөөний баруун талд байрлах “Баянзүрх зах”-д ногоо ид бууж, хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Худалдагчид “Миний ногоог эхлээд буулгаж өгөөч ээ, би энд зай гарчхаад байна”, “Миний хоёр шуудай сонгино яасан бэ” гэхчлэн буулгагч нарт хэлнэ. Өнгө, үзэмжтэй ногоонууд харагдана. Харин төмс ховордсон гэлээ. Лангууны нөгөө талд очвол өнгөрсөн жилийн ургац бололтой 1 кг төмс 4500 гэв. Баянзүрх захын үнийн хувьд:
- Багцалсан хагас кг лууван 3500 төгрөг
- Шар манжин 3500 төгрөг
- Бөөрөнхий сонгино 6000 төгрөг
- Байцай шинэ 4000 төгрөг, хуучин 2500 төгрөгийн үнэтэй байна.
-И-МАРТ-Д САВЛАСАН ЛУУВАН, СОНГИНО 6000 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА-
Харин дараа нь Монголын хамгийн том сүлжээ дэлгүүрийн нэг болох Имартын сансар дахь салбараар орлоо. Имартад төмс, манжин, байцай зэрэг ногоо байсангүй. Харин задгай савласан лууван, сонгино ижил 6000 төгрөгийн үнэтэй байлаа.
Өнгөрсөн 5, 6 дугаар сард ерөнхийлөгч Төв, Хэнтий аймгуудад ажиллаж хаврын тариалалттай танилцсан. Энэ үеэр ногоочид импортын ногоонд өндөр татвар тавихыг хүссэн. Тухайн үед олон хүн ногоочдын буруутгаж байсан ч бодит байдал дээр томоохон сүлжээ дэлгүүрүүд, захын наймаачид үнэ нэмдэг юм биш үү, бүр бензин, шатахууны үнийн хөөрөгдөл ч өргөн хэрэглээний ногооны үнийн өсөлтөд буруутай гэдэг нь эргэлзээ төрүүлэв.
Э.МИШЭЭЛ