ТОДРУУЛГА: Богдхан ууланд барьж буй Б.Чойжилсүрэнгийн орон сууцны барилгыг зогсоож, шалгаж эхэлжээ
Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр, Тусгай хамгаалалттай Богдхан уулын аманд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий компани 4.4 га газарт 18-21 давхар, 16 блок 2000 айлын орон сууцны хотхон барьж байгаа тухай бид өмнө мэдээлсэн.
Тодруулбал, эл компани 8.8 га газарт “Хүмүн” нэртэй ЕБС, цэцэрлэгийн байгууламж барина хэмээн архитектур төлөвлөлтийн даалгаврыг Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас авчээ.
Ийн авсан газрынхаа 4.4 га-д нь сургуулийн байгууламж бариад, үлдсэн 4.4 га газарт энэхүү орон сууцны хотхоноо барихаар барилгын ажлыг гурван сарын өмнө эхлүүлсэн байна. Б.Чойжилсүрэн гишүүний “Хурд групп” ХХК-ийн охин компани болох “Говь Ресурс Хилл” уг барилгыг барьж буй.
“Тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага ”Стандартын 5.3.3 заалтад зааснаар “Аялал жуулчлалын зориулалттай барилга байгууламжийн газраас дээш баригдах барилгын давхрын өндөр хоёр давхраас хэтрэхгүй байна” хэмээн заасан байдаг.
Гэтэл “Хурд групп” болон “Говь Ресурс Хилл” уг заалтыг зөрчиж 18-21 давхар бүхий 16 блок орон сууцны хорооллыг ямар ч зөвшөөрөл, бичиг баримтгүйгээр босгож, барилгын ажил эрчимтэй явагдаж байна. Бид уг асуудлаар холбогдох албаны хүмүүсээс тодруулга авсан юм.
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга н.Барайшир:
“Тухайн барилгатай холбоотой мэдээллийг бид авсан. Иргэдийн гомдол үүсгээд буй асуудалтай холбогдуулан шалгалт хийж байгаа. Шалгалт дууссаны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. Би одоогоор тодорхой мэдээлэл аваагүй байна” гэв.
Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын архитектор Т.Сүмбэр:
-Манайхаас ямар нэгэн зөвшөөрөл аваагүй. Хоёр, бөөрөнхий хэлбэртэй сургуулийг “Говь Ресурс Хилл” компани барьсан. Өмнө нь батлагдсан эскиз зургаар эхэнд нь сургуулиа бариад, сургуулийнхаа ард сургуулийн өргөтгөл, спорт цогцолборын барилга барих зураг батлуулсан. Үйл ажиллагааг нь зогсоох, арга хэмжээ авах зэрэг асуудлыг МХЕГ-аас тодруулах хэрэгтэй. Яригдаад байгаа 18 давхар барилгын зөвшөөрлийг манайхаас аваагүй” гэв.
Харин Нийслэлийн МХЕГ-ын БОГГЗЗХ-ын улсын байцаагч Э.Балжинням:
“Манайх газрын зөвшөөрөл олгох, шалгах үүрэг бүхий байгууллага биш. Нийслэлд маш олон барилга баригдаж байдаг. Асуудал зөрчил гараагүй бол нэг бүрчлэн шалгах үүрэггүй. Таны яриад буй барилгын бичиг баримт, барилгын эскиз зургийг шалгах чиглэлийг тухайн байгууллагад өгсөн. Мөн долдугаар сарын 9-ны орой байцаагч нар очоод зөрчил арилгах хүртэл буюу бичиг баримтын асуудал шийдэгдтэл үйл ажиллагааг зогсоохыг үүрэгдсэн. Үүрэг даалгаврын дагуу үйл ажиллагаагаа зогсоож, зөрчлөө арилгах эсэх нь тухайн байгууллагын хүмүүсийн ухамсар юм.
Хэлсээр байтал үйл ажиллагаа явуулсаар байвал шат шатандаа арга хэмжээ аваад явдаг. Ер нь ихэнх барилга тусгай хамгаалалттай бүс нутагт аялал жуулчлалын зориулалтаар газар аваад, явц дундаа үйл ажиллагааны чиглэлээ өөрчилдөг. Албаныхан зөвшөөрөөд тамга дарчихдаг учир хэцүү болдог” гэв.
БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газрын дарга Д.Батмөнх:
“Богд-уулын аманд баригдаж буй барилгыг тухайн хэсгийг хариуцсан байгаль хамгаалагч сайн мэднэ. Надад байгаа мэдээллээр тухайн байгууллагатай холбоотой асуудалд шалгалт ороод, үйл ажиллагааг зогсоосон байдалтай байна. Би илүү дэлгэрэнгүй сайн мэдээлэл аваагүй байна” гэв. Харин тухайн бүс нутгийн байгаль хамгаалагч “Албан бичгээр өргөдлөө өгөөд мэдээлэл ав” хэмээгээд утсаа таслав.
Оршин суугчдын төлөөлөл:
“Иргэдийн зүгээс энэ байдлыг эсэргүүцэж байна. Хотын захиргаа, хот төлөвлөлтийн газар, Богдхан уулын хамгаалалтын захиргааг энэ бүхэнд анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Зам талбайгаа эхлээд шийдэх хэрэгтэй байна. Зайсангийн энэ хэсэгт маш цөөн тооны сургууль, цэцэрлэг бий. Бид доошоо буух гэж 30-40 минут түгжирдэг. Зайсангийн хотхонууд бүгд гүний устай. Гэтэл энэ хэсэгт 1500 айлын орон сууц баригдах гэж байна гэж сонссон. Тэгэхээр усны асуудал, сургууль, цэцэрлэгийн асуудал хүнд байхад 1500 айлын барилга барина гэдэг нь байж болшгүй асуудал” гэсэн юм.
Тухайн барилга одоогоос гурван сарын өмнө эхэлсэн бөгөөд, барилга 4 дэх давхартаа үйл ажиллагаагаа зогсоосон. Уг асуудлаар БОАЖЯ, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар, НЗДТГ албан ёсны тайлбар хийгээгүй. Асууж сурахад барилгын үйл ажиллагааг зогсоосон. Бичиг баримт шалгана гэхээс өөр тоймтой хариулт авч чадсангүй. Богд уулын тусгай хамгаалалттай газарт толгой баячууд аялал жуулчлалын зориулалтаас газар авч, хожмоо хахуулиар зориулалтыг нь өөрчилж орон сууцны хотхон баригддаг жишиг энд өрнөж байна.
Энэ увс этгээд Халхын газар шороог бузарлаж ханахгүй юмаа.