Ненси Пелосиг Тайваний иргэний дээд одон болох “Ээлтэй үйлсийн одон”-гоор шагналаа
Ненси Пелоси Тайваний Ерөнхийлөгчийн ордонд айлчилж, Ерөнхийлөгч Цай Ин Вентэй албан ёсны уулзалт эхлүүллээ. Тайваний Ерөнхийлөгч Цай Ин Вен энэ үеэр АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Ненси Пелосиг Тайваний иргэний дээд одон болох “Ээлтэй үйлсийн одон”-гоор шагнасан байна.
Уулзалт хэвлэл мэдээлэлд нээлттэй болж байгаа бөгөөд уулзалтын үеэр Ненси Пелоси Ерөнхийлөгч Цай Ин Венд хандан “Энэ айлчлал бол АНУ Тайваний өмнө хүлээсэн үүрэг, амлалтаасаа хэзээ ч ухарч, нөхөрлөлөө хэзээ ч орхихгүй гэдгийн нотолгоо юм. АНУ болон Тайвань урд өмнөхөөсөө илүү эв санааны нэгдэлтэй байх шаардлага тулгарч байна. Энэ мессежийг хүргэх нь айлчлалын гол зорилго” гэлээ.
Хатагтай Пелоси үдээс хойш Тайваний ардчилал, хүний эрхийн төлөө тэмцэгчдийн төлөөлөлтэй уулзсанаар түүний тус аралд хийх айлчлал өндөрлөнө. АНУ-ын Төрийн департамент болон Тайваний Гадаад хэргийн яам аюулгүй байдлын үүднээс Ненси Пелосигийн уулзалтын хуваарь, байршлыг олон нийтэд мэдээлэхээс татгалзаж байгаа юм.