Эрчим хүчний “ГУЧ ДАЛ”

Хавар халаалт зогсохтой зэрэгцээд яригдаж эхлэх ёстой сэдэв яагаад ч юм бэ наадмын дараа намар болохтой зэрэгцээд оволзож эхэлдэг. Мэдээж энэ бол эрчим хүчний салбар. Энэ салбарт цахилгаан, дулааны үнийг Монгол Улс шинэ нийгэмд шилжсэн ч төрөөс тогтоосоор байгаа. Төр үнэ тогтооно гэдэг бодит үнэ ямар болохыг иргэд мэдэхгүй.  Харин улстөрчид гэх эдийн засгийн ойлголтгүй хүмүүс улстөржүүлж шийднэ. Улстөржүүлж шийднэ гэдгийн цаана ямар хуйвалдаан явагдаж, ямар хүмүүс ашиг хийж байгааг нийт олноос нуун далдална гэсэн үг. Үнэхээр ч нуун далдаж чадаж байгаа буюу гуч далын аль нь их вэ гэвэл гуч гэж ихэнх монголчууд хариулна. Ямар юмны 30/70 яриад байгаа юм бэ гэж үү. Монгол Улс эрчим хүчний 30 хувийг Хойд хөршөөс, 70 хувийг Урд хөршөөс, 0 хувийг Гуравдагч хөршөөс импортолдог. Бас юун Гуравдагч хөршөөс цахилгаан эрчим хүч импортлох гээд байна вэ гэж үү. Зарим зүйлийг 3дагч гэгдэх хөршөөс импортолж болдоггүй. Үүнийг сануулах гэсэн юм. Гэхдээ эрчим хүч ярих болохоор 30 хувийг яриад, 70 хувийг мартдаг.

 Энэ жил Эрчим хүчний салбар байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Тиймээс салбарынхан бие биедээ сайшаал магтаалын үг хэлэхээс гадна өөрсөд дээр учирч байгаа дарамтыг олон нийттэй хуваалцжээ.

Захын дэлгүүрт ороод иштэй чихэр, бохь авч чадахгүй мөнгөөр 1 кВтц цахилгааны үнэлж байна, олон жилийн турш алдагдалтай ажилласаар ирлээ, нүүрсний уурхайнууд өртгөөсөө бага үнээр цахилгаан станцуудад бүтээгдэхүүнээ нийлүүлж байна гэх зэргээр хуваалцжээ. Салбар яамны сайд Н.Тавинбэх ялгаагүй тулгараад байгаа хүндрэлүүдийг хэлсээр ирсэн. Өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн цахилгаан, дулааны үнийг 20 хувиар нэмэх хэрэгтэй тухай УИХ-ын гишүүдэд төдийгүй иргэдэд сануулсан. Мөн өнгөрөгч 7 хоногт Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулахдаа цахилгаан, дулааны үнийг нэмэх шаардлагатай гэдгийг үнэ тариф хараат бусаар шийдвэрлэдэг газраас мэдээлэл ирүүлсэн гэж хэлсэн. Түүнээс өмнө гуравдугаар сарын 30-ны ЗГ-ын хуралдааны дараах хэвлэлийн хурлаар 28 хувиар нэмэх хэрэгтэй гэжээ. Гэхдээ энэ нэмэх гээд байгаа шалтгааныг “бараа бүтээгдэхүүн өртгөөс нь доогуур үнээр борлуулж болохгүй” гэснээс өөрөөр тодорхой дурдаагүй. Бас анх удаа ч яригдаж байгаа сэдэв биш. 1 кВтц цахилгаан эрчим хүчний дундаж үнэ 175 төгрөг байдаг бол бодит өртөг нь 224.11 төгрөг байдаг байна. Энэ нь салбар Яамны сайдын яриад байгаа 28 хувь юм. Монгол Улс шинэ нийгэмд шилжсэнээс хойш төр үнийг тогтоодог зарчим үйлчилж байгаа тул бид бүхэн 30 гаран жил бодит үнээс доогуур эрчим хүч хэрэглэсээр иржээ. Гэсэн хэдий ч энэ талаарх ойлголтыг өгөөгүйн улмаас үнэ нэмэх гэхээр иргэд эсэргүүцдэг. Харин яагаад ингэж мэдээлэлгүй харанхуй байлгасан бэ.

            Эрчим хүч гэхээр бид зөвхөн нүүрс, дулааны цахилгаан станцыг боддог. Гэтэл хүн өөрөө ч эрчим хүч ялгаруулж амьсгалж, хөдөлж байдаг. Байгаль амьд байхын тулд, технологи ажиллахын тулд эрчим хүч шаарддаг. Энэ утгаар байгальд бэлэн байж байдаг зүйлийг эрчим хүч болгон хувиргах буюу сэргээгдэх эрчим хүчийг олон улсууд ярих болсон. НҮБ-ын хуралдаанаар улс орнууд СО2 бууруулж сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлнэ хэмээн өөрсдөө амлалт өгч, байгальд ээлтэй хандахын хажуугаар нэр хүндээ өсгөдөг. Үүнээс мэдээж Монгол Улс хоцорч болохгүй. Гэхдээ сэргээгдэх эрчим хүчнээс гарах цахилгааны өртөг нүүрснээс өндөр байдаг. Манайд нар, салхины цахилгааны станцын 1 кВтц  дундаж үнэ нүүрснийхээс 83-326 (2019) төгрөгөөр илүү үнэтэй. Тиймээс нэг талаар үнийн зөрүүг багасгахын тулд нүүрснээс гаргаж байгаа эрчим хүчний 28 хувийн алдагдлыг болиулахаар ярьж байна. Нөгөө талаар сэргээгдэх эрчим хүчний үнийг доллароор тогтоодог. “Сэргээгдэх эрчим хүчний тухай” хуульд, “…салхины эрчим эрчим хүчний үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВтц эрчим хүчийг 0.085, усан цахилгаан станцынх 0.045-0.06, нарны эрчим хүчнийх 0.12 доллар хүртэл…” гэж тогтсон байдаг. Ингэж Төр хэрэглэгчдэд хүрч байгаа үнийн зөрүүг хувийн хэвшилд нөхөн төлдөг. Өмнөх нийгмийн үнийг дээрээс тогтоодог аргачлал өөрчлөгдөөгүй. Энэ байдлыг шүүмжилдэггүй шалтгаан “сэргээгдэх эрчим хүч” гэсэн нэршилтэй нь холбоотой. Гэхдээ үнэхээр Монголын нөхцөлд СО2 ялгаруулалтыг бууруулж байгальд эерэг нөлөө үзүүлээд байна уу, эсвэл газраа ухаж олсон мөнгөөрөө сэргээгдэх эрчим хүчний эд ангиудыг гадаадаас авч ирэн суурилуулж улам байгалийг сүйтгээд байна уу гэдгийг хэлэхэд хэцүү. Өөрөөр хэлбэл цахилгаан, дулааны үнийг бодитоор тогтоохгүй, тогтоохгүй байж энэ талын ойлголтыг хүргэхгүй байна гэдэг цаагуураа эрчим хүчтэй холбогдсон хэдэн хүмүүсийн явуулга юм биш үү.

Өнгөрөгч онд Баруун бүсийн эрчим хүчээр хангах Эрдэнэбүрэнгийн УСЦ-ын төслийг хэрэгжүүлэхээр болсон. Энэ үеэр гишүүн С.Бямбацогт хэлэхдээ, “1 кВтц эрчим хүчийг Оросоос 250, Хятадаас 350 төгрөгөөр худалдаж авдаг” гэжээ.

Харин Монгол Улсын цахилгаан эрчим хүчний нийт импортын 30 хувийг Орос, 70 хувийг Хятад нийлүүлдэг талаар Монгол Улсын эрчим хүчний зөвлөх инженер Р.Ганжуур энэ сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан. Ингэхээр эрчим хүчний үнийг төрөөс тогтоож, түүнийг далимдуулж төр хувийн хэвшил хоорондох хуулиар дархлагдсан наймааны уршгаар бодит байдлыг олж хардаггүй, 30/70 аль нь их вэ гэхээр гуч гэж хариулдаг нийгэм үүсчихжээ. Нөгөө талаас 2019 онд шинэчлэгдсэн “Эрчим хүчний тухай” хуульд сэргээгдэх эрчим хүчний салбарт өрсөлдөөнийг бий болгох зүйл заалтууд орж ирсэн. Гэхдээ энэхүү өрсөлдөөнд ганц тоглогч байх нь нэгэнт ойлгомжтой байгаа. Эрдэнэбүрэнгийн УЦС урд хөршийн хөрөнгө оруулалттай хийгдэнэ. Харин “гуч” дээр анхаарал хандуулагч хүмүүс түүнийг дэвэргэж ярьсаар байна. Гэтэл ард нь үлдэж байгаа 70 хувийг яах вэ. Яагаад одоо болтол бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлээгүй, цаашид 2049 оноос эхлэн молибден боловсруулахаар төлөвлөж, судалгаа хийж байгаа Оюу Толгойд цахилгаан станц барина гэж ярихгүй байна вэ. Тэр хүртэл ахиу үнэтэй цахилгаан эрчим хүч импортолсоор байх хэрэг үү. Монгол нүүрсээр баян. Тэгээд ч сэргээгдэх эрчим хүчний салбарын технологийг бие даан хөгжүүлэх нь алсын ирээдүй. Ийм байхад яагаад  өөрийн боломждоо суурилж нүүрсээр ажилладаг станц барьж болохгүй гацсаар байна вэ. ОТ-н баялгийг худалдаж авдаг урд хөрш өөрийн давуу байдлыг ашиглан Монголоос авч байгаа зэс гэлтгүй нүүрсэнд өгч байгаа импортын алдагдлаа цахилгаан эрчим хүч өндөр үнээр нийлүүлж тодорхой хэмжээгээр нөхөж байна уу гэсэн учир зүйн асуулт өөрийн эрхгүй төрнө. Үүнийг хэн ч ярьдаггүй. Өөрөөр хэлбэл айлын хүүхдүүд ийм айхтар эдийн засгийн бодлого явуулж байна. Харин бид 30/70 хоёрын аль нь их вэ гэхээр гуч хариулсаар л сууна. Ийм байхад бид яаж төр засгаасаа зөв бодлого шаардаж чадах вэ.

Э.МИШЭЭЛ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *