Шинэхэн сайдуудын СЭТГЭГДЭЛ
УИХ-ын чуулганы өчигдрийн /2022.08.29/ нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг танилцууллаа.
Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд :
- Эдийн засгийн хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар,
- УУХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар,
- ХХААХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун,
- Эрчим хүчний сайдаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн,
- ХНХ-ын сайдаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл,
- ЗТХ-ийн сайдаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт,
- Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар УИХ-ын гишүүн Н.Учрал,
- ЗГХЭГ-ын даргаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг томилохоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан юм.
Шинэхэн сайд болсон эрхмүүдийн сэтгэгдлийг нэгтгэн хүргэж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: “2019 онд батлагдсан Үндсэн хууль, Засгийн газрын хуулиар Ерөнхий сайд өөрөө гишүүдийг нэр дэвшүүлж, хэнтэй хамтран ажиллах нь өөрийн бүрэн эрх болсон. Ерөнхий сайдын барьж байгаа зарчим бол илүү бүтээмжтэй, хурдтай ажиллах нөхцөл шаардлага тавьж байгаа. Тиймээс энэ нөхцөл шаардлагыг хангах чадварлаг улс төрчдийг сайдын суудалд томилох бодлоготой байсан. Би өөрийнхөө хэрэгцээтэй газраа л ажил хийхийг хүсдэг” гэв.
УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар: “Шинэ сайдуудын томилгоо Ерөнхий сайдад Үндсэн хуулиараа олгогдсон бүрэн эрхийн асуудал учраас янз бүрийн санал, асуулт, шүүмж гэж байхгүй. Уул уурхайн яамны хувьд тулгамдаж байгаа гол асуудал нь иргэдэд зөв мэдээлэл түгээх хэрэгтэй байна. Орон нутаг дахь иргэдтэй учраа олж чаддаггүй. Дотоодын хөрөнгө оруулагчид, боловсон хүчний олдоц, чадвар хомс гэх мэт олон асуудал байна. Шинэ техник технологи дутагдаж байна. Тиймээс энэ бүх тулгамдаад байгаа асуудлыг шийдэхээр ханцуй шамлан, хичээнгүйлэн ажлаа хийнэ” гэв.
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун: Миний хувьд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг төгссөн. Энэ салбарт насаараа ажилласан хүн. УИХ-д ороод Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хороонд 10 жил ажиллаа. Сүүлийн гурван жил нь байнгын хорооны дарга хийсэн. Миний эзэмшиж байсан “Дорнод гурил” ХХК-ийн тодорхой хувьцаа байсан. Одоо бол надад хувьцаа байхгүй. Би сайд болоход надад ашиг сонирхлын ямар нэгэн зөрчил байхгүй. Ерөнхий сайд намайг мэргэжлийн хүн гэж сайдын суудалд тавьсан. Манай улсын хөдөө аж ахуйд дотоодын үйлдвэрлэл хомс, гадаадын зах зээлээс шууд хамааралтай болох гээд байна. Тиймээс дотоодын үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй. Би үүний төлөө ажиллана” гэв.