|

Зеленский: Оросууд амьд үлдмээр байвал нутаг буц

Даваа гарагт Украины арми Оросын эзлэн түрэмгийлэгчдээс газар нутгаа чөлөөлөх сөрөг довтолгоог өмнөд фронтын хэд хэдэн чиглэлд эхлүүлсэн тухай эх сурвалжууд мэдээлсэн билээ. Харин өчигдөр ОХУ-ын батлан хамгаалах яам Украины довтолгоо эхэлснийг хүлээн зөвшөөрсөн ч “довтолгоог амжилттай няцаасан” гэж мэдээлсэн юм.

Сөрөг довтолгоо дайны эхний өдрүүдэд Оросын цэрэгт эзлэгдсэн Херсон хотын ойр орчимд өрнөж байна. Уг бүс нутаг 2014 онд ОХУ-д эзлэгдсэн Крымийн хойгийн хойд талд, Днепр мөрний хөвөөнд оршдог юм.

Мягмар гарагийн орой хийсэн ээлжит мэдэгдэлдээ Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “Оросын цэргүүд хэрвээ амьд үлдэхийг хүсэж байгаа бол ухрах цаг нь болсон. Гэртээ харьцгаа. Украин өөрийн газар нутгийг буцаан авч байна” гэж хэлжээ. Гэхдээ тэр довтолгооны төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй ярихаас зайлсхийсэн байна.

Сүүлийн нэг сар орчим хугацаанд Украины арми Херсон болон Крым дэх Оросын цэргийн дэд бүтцийг пуужингийн цохилтоор устгах ажиллагааг эрчимтэй явуулсан юм.

Үүний үр дүнд Оросын зэвсэгт хүчин Херсон орчимд Днепр мөрний баруун эргийг зүүн эргээс нөөцөөр хангах боломжгүй болсон тухай Украины батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Наталья Гуменюк мэдэгджээ.

Ойрын үед Украины армийн давшилтын үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөө тэр амласан байна.

Эх сурвалж: Bloomberg

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *