Хиннамнор хар шуурга Өмнөд Солонгосыг дайрч өнгөрлөө
Даваа гарагаас мягмарт шилжих шөнө Хиннамнор далайн хар шуурга Өмнөд Солонгосыг дайрч өнгөрсөн байна. Тус улсын хэд хэдэн газар үер буусан боловч Солонгос даяар хохирлын хэмжээ тооцоолсноос бага үүссэн аж. Хиннамнор шөнө дунд Жэжү аралд хүрж, үүрийн 04:50 минутад Солонгосын эрэгт хүрээд 07:10 минутад далай руу буцжээ.
Солонгосын цаг уурын алба мэдээлснээр цагт 154 км хүртэл хурдтай салхи бүртгэгдсэн байна. Мөн шуурганы ангиллыг “маш хүчтэй”-ээс “хүчтэй” болгон өөрчилжээ. Өнөө өглөөний байдлаар шуурганы улмаас нас баралт бүртгэгдээгүй байна. Харин хүчтэй салхины улмаас Өмнөд Солонгосын зарим хэсгүүдэд цахилгаан тасарчээ. Хиннамнор нь тус улсыг дайран өнгөрсөн хоёр дахь том хар шуурга юм. Өнгөрсөн сард Сөүл хотод далайн хар шуурга ирсний улмаас есөн хүн харамсалтайгаар нас барсан.
Эх сурвалж: New York Times
Б.БУЯНДОРЖ