Өнөөдөр НИТХ-аар тэгш, сондгойгоор зорчуулах асуудлыг хэлэлцэхгүй
Нийслэлийн авто замын хөдөлгөөнд оролцож буй автомашинуудыг наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнд оролцуулсан. Ингэснээр замын хөдөлгөөн 16 хувиар буурсан талаар албаны хүмүүс мэдээлсэн юм.
Харин цаашид тэгш, сондгой дугаараар нь Улаанбаатарын авто замд зорчуулах эсэхийг өнөөдөр 2022.09.07/-т НИТХ-аар хэлэлцэх товтой байсан хэдий ч хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй байна. Нийслэлийн ИТХ-ын ээлжит XY хуралдаан 2022.09.07-ны өдрийн 10.00 цагаас хуралдана. Хуралдаанаар:
- Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажил, нийслэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай танилцуулга
- Нийслэлийн нутаг дэвсгэрт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын явцын тухай мэдээлэл, танилцуулга
- Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид дүүргүүдэд өвөлжилт, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр танилцсан ажил, зарим удаашралтай ажлын чиглэлээр цаашид авах арга хэмжээний тухай
- Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах тухай
- Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын санхүүжилтийн журам шинэчлэн батлах тухай
- Машин цагийн зардлын тариф шинэчлэн батлах тухай
- Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай
- Нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай болон бусад асуудал хэлэлцэнэ.
Албаныхны мэдээлснээр Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд хандсан иргэдийн 70 хувь нь дугаарын хязгаарлалтыг дэмжсэн бол 30 хувь нь хязгаарлалттай холбоотой санал, гомдол хэлсэн аж.
Сошиал орчинд дээрх шийдлийг дэмжих, үгүйсгэх хандлагын аль аль нь байгаа. Энэ талаа Хотын даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг үргэлжлүүлэх тухай санал иргэдээс ирж байгаа. Гэхдээ үүнийг шийдэхийн тулд эхлээд 8 хоногт ямар үр дүн гарсныг тооцно. Дараа нь олон нийтээс санал асууж байж НИТХ-руу санал оруулах эсэхийг шийднэ” гэсэн юм.