Шинээр байгуулагдсан гүүр нээлтийнхээ ёслолын үеэр нуржээ
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын нийслэлд шинээр байгуулагдсан гүүр нээлтийн ёслолынхоо үеэр нурж буйг харуулсан дүрс бичлэг сүүлийн өдрүүдэд сошиал ертөнцөд түгээд байгаа билээ.
Өнгөрсөн долоо хоногт Киншаса хотын Монт-Нгафула дүүргийн нутаг дэвсгэрт урсдаг гол дээр байгуулагдсан явган хүний гүүрийг нээх ёслол болж, орон нутгийн албан тушаалтнууд цуглараад байжээ.Энэ газарт голын ус үерлэх үеэр иргэдийн хөдөлгөөнд саад учирдаг байсан гэнэ. Өмнө нь асуудлыг шийдвэрлэхээр түр гүүрнүүдийг байгуулж байсан ч удалгүй эвдэрдэг байжээ.
Хүндэт зочид тууз хайчлахтай зэрэгцэн шинэ гүүр дундуураа хугаран нурсан байна. Азаар зочдоос ганц ч хүн усанд унаж, бэртээгүйг эх сурвалжууд мэдээлжээ. Энэ үйл явдлын дүрс бичлэг сошиал хэрэглэгчдийн дунд инээдэм наргианы нэг сэдэв болоод байна. Нэг уншигч “Ийм гүүр байгуулах зардалд татвар төлөгчдийн мөнгөнөөс сая гаруй доллар гарсан байхад гайхах хэрэггүй” гэж шүүмжлэн бичсэн бол өөр нэг хэрэглэгч “Хайчилсан тууз гүүрийг бүхэлд нь тогтоож байсан бололтой” хэмээн хошигножээ.
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс нь 2021 онд авлигын индексээр дэлхийн 180 орноос 169 дүгээрт эрэмбэлэгдсэн байдаг. Дэлхийн хамгийн ядуу орнуудын жагсаалтад тив нэгтэй Бурунди, Өмнөд Судан, Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын дараа дөрөвдүгээрт эрэмбэлэгджээ.